Эрдэнэт үйлдвэр баярын “гоёлоо” нээлээ

Огноо: 2018-06-27

Маргааш Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн баяр наадам Орхон аймагт эхэлнэ. Наадмаар хүн бүр шинэ дээлээ өмсөж, зүс сайтай морио барьж унадагтай адил Зууны манлай үйлдвэрийнхэн шинэ техникүүдээ ажилд оруулан гоёж баяраа эхэллээ. Беларусь улсын Белазын үйлдвэрээс дөнгөж ирсэн, 130 тоннын даацтай, гурван давхар байшингийн дайтай гурван белазыг эрдэнэс тээвэрлэх алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөн өнөөдөр ажилд нь гаргалаа.

Эдгээр шинэ техникүүдийг Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн авто засварын хэсгийн алтан гартнууд хугацаанд нь угсарч, тохируулгын ажлыг стандартын дагуу гүйцэтгэн уурхайн замд үдэв. 1600 морины хүчин чадал бүхий хөдөлгүүртэй өрөө буулгагч уг автомашинуудын кабины дэлгэц өмнөхөөсөө боловсронгуй болоод зогсохгүй засварлахад хялбар загвартай, жолоочийн тав тухыг бүрэн хангасан байгааг эрдэнэсийн тээвэрчид онцолсон. Эрдэнэт үйлдвэр 40 жилийн тэртээ БелАЗ-548А маркийн 17 машинаар 624 мянган метр куб уулын цул тээвэрлэж, 3,2 сая тонн ачаа эргэлт хийж байсан бол эдүгээ  уулын цул тээвэрлэлт 38 дахин, ачаа эргэлт 63 дахин нэмэгджээ. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 40 жилийнхээ ойн баярын босгон дээр шинэ техникүүд хүлээн авч, илүү их эрч хүчээр шинэ амжилтын замд гарлаа.

 
Энэ өдрийн үдээс хойш Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт үйлдвэрлэлийн үндсэн хоёр тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах ёслол болов. Тус хэсгийн хоёрдугаар тээрмийг 24 жилийн дараа шинээр солих ажлыг уурхайчид хугацаанаас нь 10 хоногийн өмнө урдын адил амжилттай гүйцэтгэснээр тохируулга, зүгшрүүлэлт, туршилт хэвийн явагдлаа. Ингэснээр уг тээрмийг өнөөдөр байнгын ажиллагаанд хүлээн авав. БНХАУ-д үйлдвэрлэсэн “NHI” маркийн уг тээрэм нь цагт 285-295 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай юм.  Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал жилээс жилд нэмэгдэж, бүтээмж дээшлэхийн хэрээр техник, технологийн шинэчлэл тасралтгүй хийгдэж байна. Цаашид ч үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд техник, технологийн шинэчлэл шат дараатай, эрчимтэй хийгдэнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх ярилаа.
Мөн жилд таван сая тонн хүдэр хүлээн авч баяжуулах хүчин чадалтай хам баяжуулалтын нэгдүгээр секцийн 201-машин буюу нэгдүгээр шугамыг энэ өдөр ашиглалтад хүлээн авав. Уг шугамыг шинэчлэн ажлыг Эрдэнэтийн уурхайчид  Финляндын “OUTOTEC” компанитай хамтран гүйцэтгэсэн байна. Шинэ машиныг ийнхүү залгаснаар үйлдвэрлэлийн явцад цахилгаан энергийг бууруулж, металл авалтыг өсгөх зэрэг олон давуу талтай юм. Зууны манлай үйлдвэрийнхэн 40 жилийн ойн баяраараа шинэ техникээр “гоёж” байна.     
М.ОДГЭРЭЛ


 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.