"ОЮУТОЛГОЙ" төслийн талаарх мэдээлэл

Огноо: 2011-01-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах "Оюу-толгой" төслийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт танилцууллаа. Тэрбээр ордын нөөц, техник-эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн тооцоо, Монголын тал хувь нийлүүлэгч болсон талаар болон Монголын талын бусад оролцоо, үйл ажиллагаа, барилга, бүтээн байгуулалтын ажлын явц, ажиллах хүчин болон сургалтын төлөвлөгөө, төслийн ханган нийлүүлэлтийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дэлгэрэнгүй өглөө.

Танилцуулгаас харахад Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө буюу гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хангахад шаардлагатай арга хэмжээг Засгийн газар, хөрөнгө оруулагч талын зүгээс авч хэрэгжүүлж байгаа юм байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК-ийн нэрийг 2009 оны арваннэгдүгээр сард "Оюутолгой" ХХК болгон албан ёсоор өөрчилжээ. Ийнхүү гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүд хангагдсантай холбогдуулан Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

"Оюутолгой" ХХК нь ордыг ашиглах ТЭЗҮ-ийн дагуу "Оюутолгой" төслийн олборлолтын үйл ажиллагааг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөсөн ч барилгын ажлын төлөвлөгөө, хийгдэх хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шахаж ажилласнаар олборлолтыг 2012 онд эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.

Төслийн хугацааны туршид дэлхийн зах зээл дээрх нэг тонн цэвэр зэсийн  үнийг дунджаар 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход "Оюутолгой" төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байгаа бол Хөрөнгө оруулагчийн хувьд "Оюутолгой" төслөөс нийт 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. "Оюутолгой" төслөөс Монголын талын олох 29.1 тэрбум ам.долларын 9.9 тэрбум төгрөгийн орлого нь "Оюутолгой" төсөлд Монгол Улсын Засгийн газрын эзэмших 34 хувьд ногдох ногдол ашгийн орлого, 19.2 тэрбум төгрөгийн орлого нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх татварын орлогоос тус тус бүрдэхээр байгаа тооцоо гарсан байна.

Засгийн газар болон хөрөнгө оруулагчийн төслөөс хүртэх ашгийг өнөөгийн цэвэр үнэ цэнэд шилжүүлж үзвэл, Монголын тал "Оюутолгой" төслөөс нийт 5.0 тэрбум ам.долларын орлого хүртэх бол хөрөнгө оруулагч 3.5 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол Улс "Оюутолгой" төслийн нийт ашгийн 59.0 орчим хувийг хүртэхээр байгаа бол хөрөнгө оруулагч 41.0 орчим хувийг хүртэхээр байна.

Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг 4408.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцвол "Оюутолгой" төслийн хуримтлагдсан мөнгөн урсгал 2017 оноос эхлэн эерэг гарах тооцоог мэргэжлийн яам хийжээ.

Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз Монголиа Инк" ХХК, "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тйнто Интернэшнл Холдингс Лимитед"-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Засгийн газрыг төлөөлөн "Оюутолгой" ХХК-ийн хувьцааны 34 хувийг эзэмшигч болох нөхцөл төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК-д бүрдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) болон хувь нийлүүлэгчдийн хурал тус тус хоёр удаа хуралджээ.

Удаа дараа хэлэлцэж ярилцсаны дүнд "Оюутолгой" ХХК-ийн Хянан шалгах зөвлөлийг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдсэн байна. Хувь нийлүүлэгчдийн өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд болсон II хурлаар компанийн 2010 оны санхүүжилтэд зориулж давуу эрхийн хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэж батлах, компанийн дүрэмд , нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргасан байна.

"Оюутолгой" төслийн барилгын ажлын одоогийн үе шат болон үйлдвэрлэлийн шатанд шаардлагатай ажиллах хүч, төсөлд шаардлагатай бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, төслийн санхүүжилт зэрэг асуудалд Монголын талын ТУЗ-ийн гишүүд болон "Эрдэнэс МГЛ" ХХК анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.

Түүнчлэн, "Оюутолгой" төслийн хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний талаар тодорхой бодлого боловсруулж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгээр ахлуулан НХХЯ-наас байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд "Оюутолгой" ХХК, "Эрдэнэс МГЛ" ХХК, НХХЯ-ны удирдах албан тушаалтнууд орж ажиллан төслийн ажиллах хүчний хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлтэйгээр ажиллаж байна.

"Оюутолгой" ХХК-иас ирүүлсэн мэдээллийн дагуу "Оюутолгой" төслийн хүрээнд нийт гурван жилийн хугацаанд хийгдэх барилга, угсралтын ажил 2010 оны есдүгээр сарын байдлаар төлөвлөсөн хуваарийн дагуу хийгдэж байна.

Тус компаниас ирүүлсэн мэдээллийн дагуу төслийн хүрээнд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөгдөж буй томоохон ажлын талаар товч танилцуулахад, өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий 1,2 тэрбум долларын төсөвт өртөгтэй баяжуулах үйлдвэрийн суурь, баяжмал тээвэрлэх шугамын ажил хуваарийн дагуу явагдаж, 2010 оны есдүгээр сарын байдлаар 25,000 шоо метр бетон цутгалтын ажил хийгдсэн байна. Далд уурхайн малталтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар дөрвөн км орчим хонгил гаргах газар шорооны ажлыг 1300 метрийн гүнд гүйцэтгэсэн байна. Үйлдвэрлэлийн зориулалттай хоёрдугаар босоо амны 90 метр өндөр цамхгийн барилгын ажил үргэлжилж байна. Үйлчилгээний зориулалттай нэгдүгээр босоо амны хөндлөн малталт нэвтрэлтийн ажил төлөвлөсний дагуу явагдаж байна. Цагт 200 шоо метр зуурмаг бэлтгэх хүчин чадалтай Бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад орж, нийт 32,000 шоо метр бетон зуурмаг үйлдвэрлээд байна.

Түүнчлэн барилгын эхний үе шатанд шаардлагатай 24 Мегаваттын дизель цахилгаан станц болон 35 кВ-ын түгээх сүлжээ баригдаж дуусах шатандаа ороод байна. Орон нутгийн нисэх онгоцны буудал баригдаж 2010 оны есдүгээр сард ашиглалтад орсон. 4,0 сая ам.долларын төсөвт өртөг бүхий дээрх ажлыг дотоодын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн байна. 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд барилгын ажлын төсөвт өртөг нь 68,0 сая ам.доллар байхаар төлөвлөгдөж байна. Түүнчлэн, 450 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод түшиглэн барих боломжийг судлах судалгааны ажил хийгдэж байна.

ЭБЭХ-ний сайд "Оюутолгой" төсөлд ажиллах хүч болон сургалтын   төлөвлөгөөний   талаар ч мөн танилцууллаа. 2010 оны аравдугаар сарын байдлаар "Оюутолгой" төсөлд нийт 5700 гаруй ажилтан ажиллагсад, гэрээт ажилтан ажиллаж байгаагийн 63 хувь буюу 3600 гаруй нь монголчууд байна.

"Оюутолгой" ХХК нь төслийн сургалтын стратеги болон төлөвлөгөөг БСШУЯ-тай хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрт жилд 850-1000 хүн хамрагдаж, төлөвлөгөөний дагуу ирэх таван жилийн хугацаанд ойролцоогоор 78 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн БСШУЯ, НХХЯ-тай хамтран 36 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус компаниас санхүүжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 3300 мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх бөгөөд эдгээр нь "Оюутолгой" төсөл болон бусад уул уурхай, зам, төмөр зам, барилгын төслүүдэд ажиллах боломжтой болох юм.

2010 он гарснаас хойш "Оюутолгой" төслийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдтэй нийт 887,0 сая ам.долларын өртөг бүхий төслийн гэрээг байгуулсан байна. Түүнчлэн цаашид Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудаас сонгон шалгаруулж гүйцэтгүүлэх нийт 238,8 сая ам.долларын ажил үйлчилгээний жагсаалтыг батлан гаргажээ.

"Оюутолгой" төсөлд үйлчилгээ үзүүлж, бараа нийлүүлдэг Монгол Улсад бүртгэлтэй нийт 2400 аж ахуйн нэгж байдаг бөгөөд томоохон ажил, үйлчилгээ нийлүүлэгч байгууллагуудаас дурдвал, "Хасу", "Барилга корпораци", "Хэт", "Моннис", "Монроуд", "МСS", "Петровис", "Аэро Монголиа" зэрэг компани төслийн үйл ажиллагаанд оролцож байна. Төслийн ханган нийлүүлэлтийг Бээжин дэх Ханган нийлүулэлтийн хэсгээс гүйцэтгэдэг байсныг Ажлын байнгын хорооны болон ТУЗ-ийн Монголын талын гишүүдийн хүсэлтээр Улаанбаатар хотод нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна.

"Оюутолгой" төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас нэг сая ам.доллараас дээш өртөгтэй бараа, ажил үйлчилгээний гэрээ байгуулахаар 20 аж ахуйн нэгж шалгараад байгаа ажээ.

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.