Оюу Толгой монгол компаниудад өсөлт, хөгжлийн том боломж нээж байна

Огноо: 2011-04-13

Оюу Толгой төсөл Монголын компаниуд, бизнес эрхлэгчид, иргэдийн өмнө олон боломж нээж өгч буй. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, чадавхижиж, өсч дэвжиж, орчин үеийн стандартад нийцэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, үйлдвэрлэхэд Оюу Толгойн дэмжлэг асар их. Өдгөө Оюу Толгой компанийн ханган нийлуүлэгчийн тоо 2400 даваад байгаа нь үүний нотолгоо. Ханган нийлүүлэгч компаниудын өсөлттэй холбоотой үр өгөөж арвин, шууд бусаар бий болох ажлын байр ч олон.

Тэгвэл Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад гардан оролцож байгаа монгол компани 32 болжээ. Эдгээрийн 20 нь 50-иас доош, үлдсэн 12 нь 50-600 ажиллагсадтай. Тодруулбал, төслийн талбайд нийт 42 компани ажил гүйцэтгэж байгаагийн 32 нь монгол. Арав нь Австрали, Япон, АНУ, БНХАУ зэрэг орны хөрөнгө оруулалттай, Гэхдээ бас эдгээрийн ихэнх нь Монгол-Австрали, Монгол-Япон гэхчилэн хамтарсан хөрөнгө оруулалттай аж. Нислэг удирдлагын үйлчилгээ, машин засвар, судалгаа, өрөмдлөг, цахилгаан хангамж, түлшний байгууламж, лаборатори, цамхгийн барилга, зураг төсөл, бетон цутгалт, эрчим хүчний шугам суурилуулах, хүнс, хамгаалалтын алба зэрэг чиглэлээр үндэсний компаниуд төслийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна. Онцлон дурдахад, Оюу Толгойгоос урд хил хуртэлх 220 кВт-ын цахилгааны шугам суурилуулах ажлыг "Барилга корпораци", "Очир төв", "Моннис интернэйшнл", "Эрчим концерн", "Бодь интернэйшнл" болон түүний гэрээт гүйцэтгэгч "Илч Хангай" компани хамтран гуйцэтгэж буй. Түүнчлэн Ханбогд сумын нутагт барих "Ханбумбат" нисэх oнгоцны буудлын зураг төслийг үндэсний таван компани хийжээ. Нисэх буудлын барилгын ажлыг мөн л монгол компаниудаар гүйцэтгүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтын дүн хараахан гараагүй байна. Гашуун сухайт хүртэл тавих 105 км хатуу хучилттай замын ажлын тендерт ч үндэсний компаниуд өрсөлдөж буй. Дээрх бүтээн байгуулалттай уялдаад төслийн талбайд барих ажиллагсдын таван хотхоны үйлчилгээ, ажилчдын хоол хүнсийг “Номадс”, “Геомандал" компани нийлүүлэхээр шалгарчээ. Тэд орон нутгаас ажиллах хүчээ бүрдүүлж, доод тал нь хагас жил бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэх гэрээ хийжээ. Энэ мэтчилэн Оюу Толгой төсөл монгол компаниудын өсөлтийг тэтгэж байна.

Өнөөдөр Оюу Толгой төслийн талбайд 7000-аад хүн ажиллаж байгаагийн 4200 гаруй нь монгол мэргэжилтнүүд юм. Оюу Толгой төсөл Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүрэг, мөн өөрсдийн “Монголын давуу эрх” санаачлагын хүрээнд гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаниудад ажиллах хүчнийхээ тодорхой хувийг монголчуудаар бүрдүүлэх шаардлага тавьдаг байна. Уг шаардлагын дагуу төслийн талбайд үйл ажиллагаа явуулж буй гадны хөрөнгө оруулалттай компаниудад олон монгол хүн ажиллаж буй. Тухайлбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жиангду Жиангсу” компанид 400 монгол залуус ажиллаж байна. Мөн “Мэжор Дриллинг Монголиа” компани нийт 103 ажиллагсадтайн 96 нь монголчууд байгаа юм.

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.