Ц.Түмэнцогт: Амжилт арвин, онцлох ажил ихтэй, ачаалалтай жил байлаа

Огноо: 2017-12-22

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогттой ярилцлаа. Ц.Түмэнцогт нь Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Түлш, эрчим хүчний яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга, Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажиллаж байсан,   эрчим хүч, дэд бүтцийн бизнесийн салбарт баялаг туршлагатай. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө “Женерал Электрик” компанийн Монгол дахь суурин төлөөлөгч байсан тэрээр эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, төмөр зам, агаарын тээвэр, эрүүл мэндийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажиллаж байв.

-Эрдэнэс Монгол компани үүсгэн байгуулагдсаны 10 жил, таныг Гүйцэтгэх захирлаар томилогдсоны 1 жилийн босгон дээр бид ярилцаж байна. Компанийн өнгөрсөн 10 жилийн хугацааны болоод таныг ажил авснаас хойш амжуулсан онцлох ажлуудаас яриагаа эхлэх үү?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай компани  улс орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан. Хоёрхон хүнтэй ажлаа эхэлж байсан Эрдэнэс Монгол компани өнөөдөр “Эрдэнэс- ОюуТолгой” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК, Гашуун сухайт авто зам ХХК, “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Ашид” ХХК зэрэг  олон компаниудыг бүрэлдэхүүндээ багтаасан, Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур, дэлхийд данстай компани болж чадсан байна. “Эрдэнэс Монгол”-ын үе үеийн удирдлагууд энэ компанийг санхүүгийн чадвартай, үр өгөөжийг сайжруулахын тулд ямар төслүүдэд төвлөрөх вэ гэдгээ тодорхойлсон нь маш том амжилт юм.
Энэ жилийн хувьд бид амжилт арвин, онцлох ажил ихтэй байлаа. Охин болон хараат компаниуд анх удаа ашигтай ажилласан, хувьцааны бүртгэлийг эхлүүлсэн зэргийг юун түрүүнд онцлох нь зүйтэй. Группийн хэмжээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ашиг орлого, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахад анхаарч ажилласныүр дүнд “Эрдэнэс Таван толгой”ХК-ийн БНХАУ-ын “Чалко трэйдинг” компанид төлөх 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг барагдуулж дууслаа. Өнгөрсөн (11 дүгээр сарын эхний) долоо хоногт “Чалко трэйдинг” компанийн урьдчилгаа төлбөртэй холбоотойгоор Хүний хөгжил санд үүссэн 200 сая ам.доллар, Хөгжлийн банкинд төлөх ёстой 100 сая ам.долларыг мөн төлж барагдууллаа. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сэргэснээс нүүрсний экспорт, тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, өр төлбөрийг барагдуулахад давуу тал болж өгсөн. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах найдвартай ажиллагааг хангах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа.
Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж, геологи, хайгуул, судалгааны чиглэлээр болон ган төмөрлөг, кокс химийн үйлдвэр, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр, нүүрсний давхаргын метан хийн төслийн эрлийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг зорилго чиглэлээр  хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж эхэллээ.
Яг одоо хийгдэж байгаа бас нэг ажлыг онцолъё. Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг.Мөн “Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшдэг гэдгээ иргэд тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ хувьцааг бүртгэлжүүлэх ажлыг бид эхлүүлээд байна. Мөн ойрын таван жилийн бизнес стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байна. Дотоод гадаадын зөвлөхүүдийг авч ажиллуулж байгаа. Товчхондоо, нэлээд ачаалалтай жил байлаа.
-Ирэх жил Тавантолгойн төслийг урагшлуулахэсэх ньэргэлзээтэйбайх шиг. Ер нь энэ төслийн төлөв ямар байх бол?
-Тавантолгой бол маш их ирээдүйтэй орд газар. Долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс гуравны хоёр нь гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжих нүүрс. Энэ төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хамгийн чухал нь дэд бүтэц шүү дээ. Ялангуяа нүүрсний бизнесийн хувьд бага зардлаар ахиу борлуулалт хийх хэрэгтэй. Олборлолтын өртгийн нэлээд том хэсэг нь тээврийн зардал байдаг. Үүнийг бууруулах л хамгийн том зорилт болж байна.
БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл харьцангуй сайжирч ирлээ. Ойрын 2-3 жилийн хугацаанд тогтвортой байх төлөвтэй байгаа. Энэ таатай нөхцөл байдлыг ашиглаад дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх нь маш чухал байна. Хоёрдугаарт нэг цонхны бодлого баримталж, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлохыг эрхэмлэж байгаа. Энэ чиглэлд нүүрс угаах үйлдвэр болон шингэрүүлэх, хийжүүлэх технологийн судалгааны ажлыг хийж байна.  
-Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх мега төслүүдэд эдийн засгийн хямралыг давах хамаг л боломж итгэл найдварыг тээж буй ч тэднийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нэлээд хугацаа авах бололтой?
-Тийм ээ, ер нь дэд бүтцийн болон нэмүү өртөг шингээх технологийн асуудлуудыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй л дээ. Манай компанийн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж эхэлсэн.
Тухайлбал, Монголд анх удаа ширэм үйлдвэрлэсэн “Бэрэн” групптэй хамтраад Чойрын орчимд металлургийн кокс, ган төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ТЭЗҮ хийж байна. Энэ үйлдвэрлэл дээр хамтарснаар “Эрдэнэс Тавантолгой”   коксжих нүүрсээ нийлүүлэх бололцоотой юм. Тиймээс хамтраад хөрөнгө оруулалтаа босгох чиглэлээр ажиллаж байна. МАК-ийн хувьд уул уурхайн салбарт олон жилийн туршлагатай компаниудын нэг. Геологийн эрэл хайгуулын чиглэлээр хамтарч ажиллаж байна. “Арева” компанитай ураны салбарт хайгуул, туршилтын ажлууд хийж байна. “Арева” нь олборлох, боловсруулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад тэргүүлэх технологитой, ураны салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани шүү дээ. Мөн “Алтай” групптэй хамтран нүүрсний давхаргын метан хийн судалгааны ажлыг эхлүүлсэн.Ер нь хувийн хэвшлийн болон гадны компаниудтай хамтран ажиллаж байгаа нь тухайн компанийн туршлагаар нэг нэгийгээ нөхөж ажиллах гэсэн хэрэг.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааны 20 хүртэлх хувийг олон улсын санхүүгийн хоёрдогч зах зээл дээр борлуулах УИХ-ын тогтоол бий. Хувьцаагаа амжилттай гаргаж, тухайн компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд бид нэмүү өртгийг  шингээх хэрэгтэй.  Энэ чиглэлээр мөн идэвхийлэн ажиллаж байна.
-“Эрдэнэс Монгол”-ын гол харилцагчид нь Хятадын компаниуд байдаг. Зах зээлийн хэтийн төлөвийг хэрхэн харж тодорхойлж байна вэ?
-Ерөөс Монгол Улсын түүхий эдийн гол зах зээл нь БНХАУ.  Хятадын Засгийн газраас санаачилсан “Нэг бүс нэг зам” төслүүдийг банк санхүүгийн байгууллагууд маш их сонирхож байна. Бидний хувьд ч өмнөд хөрштэйгээ нягт хамтран ажиллаж, ялангуяа стратегийн ордуудаас гарч байгаа бүтээгдэхүүнийг өртөг зардал багатай экспортлоход хамтын ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй.
Үүнээс гадна манайд Шивээ-Овоо, Багануур гэх мэтчилэн хүрэн нүүрсний ордууд нэлээд бий. Монгол Улсад том хэмжээний эрчим хүчний станцууд барьж Зүүн Азийн орнууд руу их хэмжээгээр экспортлох “Азийн супер сүлжээ” төслийн хүрээнд эдгээр ордод том боломж нээгдэж байгаа. Бид стратегийн ордуудаа бүс нутгийн интеграцчилалтай уялдуулж хөгжүүлбэл маш их амжилтад хүрэх бололцоо харагдаж байна.
-Танай хариуцаж буй том төслүүдийн дотор зөвхөн уул уурхайн төдийгүй эрчим хүчний төсөл ч багтдаг. Төсөл хэзээ өгөөжөө өгч эхлэх вэ?
-БНХАУ бол эрчим хүчний маш том зах зээлтэй улс. Шивээ-Овоо ордод суурилсан 5200 МВт хүчин чадалтай станц барьж өмнөд хөрш рүү экспортлох төлөвлөгөөтэй том төсөл сүүлийн 10 гаруй жил яригдаж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-руу эрчим хүч экспортлох техникийн шаардлага байхгүй. Ялангуяа манай улстай хиллэдэг ӨМӨЗО, Хятадын хойд бүс нутагт эрчим хүчний илүүдэлтэй байгаа. Гэхдээ урд хөршийн хамгийн том эрчим хүчний сүлжээ “State grid”-тэй бид байнга харилцаатай байгаа. Урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгжүүлбэл харилцан ашигтай төсөл гэж тэд үздэг.
Нөгөөтэйгүүр Хятадын томоохон хотуудад агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон. Цаашдаа Хятад улс байгальд ээлтэй хөгжлийн чиг баримжаа баримтална гэдгээ сая зарлачихлаа. Тиймээс хөрш зэргэлдээ орнуудаасаа тодорхой квоттойгоор эрчим хүч импортлох асуудал яригдаж байгаа л даа.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн IPO-ийн талаар тодруулж асуумаар байна. Урьдач бэлтгэл ажлууд нэлээд хийгдэж байгаа юм байна. Ер нь ямар арга зам, хувилбаруудыг судалж байна вэ? Таны харж байгаагаар мөнгө босгох ажил хэзээнээс эхлэх вэ?
-Олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт босгохын тулд нэгдүгээрт хөрөнгийн үнэлгээ хийх ёстой. Хоёрт, санхүүгийн тайлан тэнцлээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар хийлгэх шаардлага тавигддаг. Манайх “Эрнст энд Янг” компаниар сүүлийн гурван жилийн нэгдсэн санхүүгийн тайлан тэнцлээ хийлгэж баталгаажуулсан. Гуравт, зээлжих зэрэглэлээ тогтоох ажлууд хийгдэнэ. Энэ бүгдийн дараа “Эрдэнэс Монгол” юм уу “Эрдэнэс Тавантолгой” яг ямар менежментээр олон улсын  санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох вэ гэдгээ тогтооно. УИХ-ын тогтоол ч бий.
Бидний харж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-ийн бэлтгэл ажлыг ойрын жилүүдэд хийнэ. Өмнөх жилүүдэд ч тодорхой ажлууд хийгдсэн. Экспертүүд болон энэ чиглэлээр ажиллаж байсан хүмүүсийг оролцуулан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. IPO хийх бэлтгэл ажлаас гадна ойрын хугацаанд хөрөнгө оруулалт хийх төслүүдээ санхүүжүүлэхийн тулд “Эрдэнэс Монгол” ХХК санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох шаардлагатай. Бэлтгэл ажлуудыг хийж, компанийн бонд гаргах зэрэг арга хувилбарыг судалж байна.
-Компанийн бонд гаргах хууль эрх зүйн боломж бололцоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд нээлттэй байгаа юу?
-Бололцоо бий. Гол нь бондыг худалдан авагч банкууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхийн тулд компанийн стратеги, төлөвлөгөө маш тодорхой байх ёстой. Бонд гаргаад мөнгө босголоо гэхэд түүнийг юунд, ямар төсөлд зарцуулах, түүнийгээ яаж эргэн төлөх нь тодорхой байх ёстой. Тэр итгэл үнэмшлийг олж авахын тулд бид өөрсдөө гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй юм. Энэ нь эргээд компанийн засаглалын асуудалтай холбогдоно.
-“Эрдэнэс Монгол” энэ жил хамтарсан компаниуд нэлээд байгууллаа. Заавал хамтарсан компани байгуулж төсөл хэрэгжүүлэхийн давуу тал нь юу юм бэ?
-2017 онд хэд хэдэн хамтарсан компанийг идэвхжүүлж, шинээр бүртгүүлэн ажиллаж эхэлсэн. Хувийн хэвшлийн болон гадны компаниудтай хамтран ажиллаж байгаа нь тухайн компанийн туршлагаар нэг нэгийгээ нөхөж ажиллах гэсэн хэрэг. “Бэрэн” компани гэхэд төмрийн хүдрийн ордтой. Монголд анх удаа ширэм үйлдвэрлэж эхэлсэн. “Бэрэн” групптэй хамтраад Чойрын орчимд металлургийн кокс, ган төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ТЭЗҮ хийж байна. Энэ үйлдвэрлэл дээр хамтарснаар “Эрдэнэс Тавантолгой”   коксжих нүүрсээ нийлүүлэх бололцоотой. Тиймээс хамтраад хөрөнгө оруулалтаа босгох чиглэлээр ажиллаж байна.
МАК-ийн хувьд уул уурхайн салбарт олон жилийн туршлагатай компаниудын нэг. Геологийн эрэл хайгуулын чиглэлээр хамтарч ажиллаж байна. “Арева” компанитай ураны салбарт хайгуул, туршилтын ажлууд хийж байна. “Арева” нь олборлох, боловсруулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад тэргүүлэх технологитой ураны салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани. Ийм л зарчмаар хамтарч байгаа.
-Танай  группийн бүрэлдэхүүнд автозамын компани байдаг. Яагаад энэ салбар руу орох болов?
-“Гашуунсухайт авто зам” ХХК нь манай охин компаниудын нэг. Тавантолгой-Гашуунсухайтын 240 км авто замыг хувийн хэвшил барьж 2014 онд Эрдэнэс Монгол ХХК-д шилжүүлсэн юм. Түүнээс хойш бид хамтарсан компани байгуулаад уг замын арчилгаа, ашиглалт, орлого цуглуулалтыг хариуцан ажиллаж байна. Тавантолгойн ордуудаас гарч байгаа бүх нүүрсийг энэ автозамаар тээвэрлэдэг. Энэ жил нүүрсний тээвэр эрчимжсэнтэй холбоотойгоор тус компанийн ашиг орлого сайжирч байгаа. Бид энэ жил уг замыг засаж сайжруулснаас гадна шалган нэвтрүүлэх төвүүд дээр төлбөр тооцоог бэлэн бусаар хийх, орлого цуглуулалтаа сайжруулах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг Боомтын Үндэсний зөвлөлтэй хамтран хийсэн. Ингэснээр эхний хагас жилд өдөрт нэвтрэх автомашины тоог 800-900 байсныг 1500 хүртэл нэмэгдүүлж чадсан.
-Та өмнө нь хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай. Төрийн өмчит компаниудын хувьд зөвхөн ашиг орлогоос гадна төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг давхар хүлээдэг. Гэхдээ таны дурдсанчлан өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ашигтай ажиллах шаардлагатай. “Эрдэнэс Монгол”д компанийн засаглалыг бэхжүүлэх, бизнесийн зарчмаар ажиллуулахын тулд юу хийх шаардлагатай гэж харж байгаа вэ?
-Засаглал хэр сайн байх нь тухайн компанийн удирдлага, бүтэц зохион байгуулалттай шууд холбоотой. Мөрдөж буй стандарт, дүрэм журмаа хатуу баримталдаг л байх шаардлагатай. Төрийн өмчит компани үр ашигтай ажиллаж болдгийг баталсан олон жишээ бий. Чилийн төрийн өмчит хувьцаат компани, дэлхийн №1 зэс үйлдвэрлэгч “Codelco”гэхэд л хөрөнгийн биржид бүртгэлтэй, бизнесийн зарчмаар ажилладаг. Засаглал, санхүү, хүүний нөөцийн сайн менежментхэрэгжүүлж, зах зээл болон хэрэглэгчидтэйгээ идэвхтэй хамтарч ажилласнаар амжилттай ажиллаж болдгийн том жишээ юм.
Манай компанийн хувьд 100 хувь төрийн өмчит компани. Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч нь Засгийн газар нь төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлнэ гэж зааж өгсөн. Тийм учраас манай компанийн удирдах зөвлөлд ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ, БОАЖЯ-ны төлөөлөл болон хараат бус гишүүд багтдаг. Бизнесийн зарчмаар ажиллахын тулд компанийн алс хэтийн зорилго, стратегийг маш тодорхой болгох ёстой. Дээрээс нь өдөр тутмын менежмент, худалдан авалт нь ил тод шударга  байгаа нөхцөлд компани ашигтай ажиллах бүрэн боломжтой.
-Ил тод байх орчин нөхцөл бүрдсэн үү?
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдаж авах тухай болон шилэн дансны тухай хуулиар ил тод,  нээлттэй байх бололцоо хангагдаж байгаа.  Худалдан авалтуудаа шилэн дансны вэбсайтаар дамжуулан зарладаг, худалдан авалтын явцад, үнэлэлт дүгнэлт өгөхөд хараат бус гишүүдийг оролцуулдаг гээд хараат бус байдлыг нэлээд сайн хангасан.
“Эрдэнэс Монгол”компани энэ жил анх удаагаа Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын тайлангийн стандартын дагуу үйл ажиллагааны тайлангаа гаргалаа. Энэ стандарт нь компанийн хувьд ил болгох ёстой бүх мэдээллийг, ямар хэлбэр загвараар оруулах ёстойг хүртэл нарийн зааж өгсөн байдаг. Бидний Монгол Улсад мөрддөг хууль журмын дагуу жилийн тайлан гаргахад харилцагчдад нэлээд хоцрогдолтой хүрдэг тул энэ тайлангхагас жил тутамд гарч байхнь зөв гэж үзээд өнгөрсөн  9 дүгээр сард эхнийхийг гаргалаа.
Бас нэг том ажил гэвэл олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт босгох ажлын хүрээнд группийн хэмжээнд санхүүгийн тайлан тэнцэлд аудитын шалгалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх таван компанийн нэг “Эрнст энд Янг”-аар гүйцэтгүүлсэн. Ингэснээр IPO гаргах, компанийн бонд гаргахад дөхөм болж байгаа юм.
Түүнчлэн АХБ-тай хамтраад компанийн хөрөнгө оруулалт татах чадварыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд компанийн үнэлгээ, ордуудын үнэлгээг хийх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, санхүү болон эрслийн удирдлагыг сайжруулах, худалдан авалтын тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн технологид суурилах удирдлагын систем (ERP) нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хийгдээд явж байна.
-Компанийнхаа ирээдүйг та хэрхэн төсөөлж байна? Эрдэнэс Монгол гэдэг их айлын алсын зорилго юу вэ?
-Компанийн ирээдүйг би маш өөдрөгөөр харж байна.Охин компаниуд маань харьцангуй залуу компаниуд шүү дээ.
 Ер ньцаашдаа уул уурхайн олон улсын томоохон компаниудын хөгжлийн жишгийн дагуу стратегийн ордууд дан дангаараа компани байх бус нэгдэж групп болох нь зүйтэй гэж харж байгаа. Жишээлбэл, “Рио Тинто” корпораци гэхэд л дотроо Зэсийн групп, Төмрийн хүдрийн групп, Алмазын групп гэх мэтээр төрөлжсөн байдаг. Тийм учраас “Эрдэнэс Монгол”-ын охин компаниуд цаашдаа Зэсийн групп, Нүүрсний групп гэх зэргээр төрөлжинө. Мөн санхүүгийн чиглэлээр ажиллах шаардлагатай. Энэ чиглэлээр “Эрдэнэс ассет менежмент” гэж компани байгуулсан. Төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалт татах асуудлыг хариуцаж ажиллах юм.  Алсын зорилго маань олон улсын жишиг болсон компаниудын түвшинд хүрэх. Тухайлбал, Сингапурын “Темасек”, Казахстаны “Самрук-Казына”- уул уурхайн баялаг, тухайн улсын хамгийн чухал гэгдэж буй салбарт хөрөнгө оруулж, сангийн хэлбэрээр ажилладаг. Мэдээж үүнд хүрэхийн тулд оновчтой хөрөнгө оруулалт татаж стратегийн ордуудаас оруулж буй ашиг өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Эрдэнэс Монгол ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье


 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.