Э.Энхдэлгэр : Вагнер Азийг уул уурхайн салбар томоохон академи гэж хардаг.

Огноо: 2017-12-22

Уул уурхайн ажлыг техник, тоног төхөөрөмжгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ашигт малтмалын олборлолт нэмэгдэхийн сацуу тоног төхөөрөмжийн хүчин чадал, технологийн дэвшлийг шаардаж байна. Тиймээс бид энэ удаа Монгол Улсын уул уурхайн салбарт 20 гаруй жил түүчээлж яваа Дэлхийн хэмжээнийн тэргүүлэгч Катерпилларын Монгол дахь дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”  ХХК-иар зочилж “Вагнер Ази Тоног Төхөөрөмж “ ХХК-ийн худалдаа, түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэртэй ярилцах завшаан олдсон юм.
-Катерпиллар компани Монгол Улсад анх хэдэн онд техникээ нийлүүлж эхэлсэн бэ?

-Катерпиллар компани 1925 онд байгуулагдсан, монголын уул уурхайн салбартай ойролцоо настай бөгөөд сүүлийн 50-иад жил уул уурхайн салбартай нягт уялдаа холбоотой ажиллаж ирсэн. Монгол Улсын хувьд 1993 онд анх “СAT”-ын тоног төхөөрөмж орж ирсэн байдаг. Бид нараас өмнө Caterpillar компани өөрсдөө “Шивээ-Овоо”-д АНУ-ын буцалтгүй тусламжийн шугамаар тухайн үеийн Уул Уурхайн Яамны “Нүүрсний Газар”-аар дамжуулан D8N маркийн гинжит бульдозер 2 ширхэг, “Багануур”-т “Дэлхийн Банк”-ны санхүүжилтээр 988F дугуйт ачигч 1 ширхэг, 824C дугуйт дозер 1 ширхэг, 16H автогрейдер 1 ширхэгийг одоогийн “Багануур” ХК-ийн Технологийн Авто Машины Засварын Хэсгийн дарга С. Гантөмөр хүнд машин механизмын механикч байх үедээ тус тус хүлээж авч байсан. “Шивээ-Овоо”-д нийлүүлсэн D8N өнгөрсөн оныг хүртэл ажилласан. “Шивээ-Овоо” ХК энэ бульдозерыг Говьсүмбэр аймгийн төв талбай дээр дурсгалын хөшөө болгон тавих талаар төсөл яригдаад өнгөрсөн. Эдгээр уурхайн газар шорооны ажлын дийлэнхид CAT-ын техникийг ашигласаар байгаа. Ийнхүү улсын үйлдвэрүүдээр дамжиж “CAT”-ын тоног төхөөрөмжүүд орж ирж байсан түүхтэй.
-Катерпилларын давуу тал болон онцлог чухам юундаа оршин байна вэ?
-Бусад өрсөлдөгч нартай нь харьцуулахад Катерпиллар зүгээр л техник ханган нийлүүлэх нь чухал бус, гол нь тухайн техникийн төлөвлөсөн бүтээмж, ажиллагаа хангагдаж техникийн горимоороо ажиллах уу, үгүй юу гэдэг нь илүү чухал байдаг. 1996 оноос АНУ дахь “Вагнер Тоног Төхөөрөмж”-тэй Катерпиллар компани холбогдож, засвар, үйлчилгээ, бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээгээр хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Монгол дахь хүнд даацын машин нийлүүлэгч хамгийн том компани болсон бөгөөд сүүлийн есөн жилийн турш Евро-Ази бүс нутагт (хуучнаар зөвлөлтийн бус нутаг) дилерийн гүйцэтгэлээр тасралтгүй тэргүүлж байна. Өнгөрсөн 20 гаруй  жилийн хугацаанд бизнесээ тасралтгүй өргөжүүлэн эдүгээ 500 гаруй ажилтан ажиллагсадтай, Дархан хот, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт Цэций, Нарийн Сухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд хот зэрэг орон нутагт өөрийн салбарыг байгуулан хэрэглэгчиддээ улам ойртон ажиллаж байна. Энэ нь манай уул уурхайн салбарт нэлээн дэвшилттэй алхам болсон юм. Америкын Катерпиллар  ямар дэвшил авчирсан бэ? гэвэл барууны техникийн хүч дамжуулах систем буюу хөдөлгүүр гидерийн систем хамгийн өндөр бүтээмжтэй, нарийн ажиллагаатай, технологийн дэвшилттэй техникийг нэвтрүүлсэн. Мэдээж эхлээд хөрөнгө оруулалтын зардал өндөр боловч ажлын бүтээмж сайтай. Иймд Катерпилларын бүтээгдэхүүн монголын уул уурхайн салбарыг дэлхийн тавцанд гаргаж ирэхэд ихээхэн ач холбогдолтой байсан гэж би үздэг. Тухайлбал, 2003 оноос Бороо Гоулдын уурхайд “САТ”-ын техникүүд ашиглаж байсан. “Сентерра Гоулд” бол барууны үнэтэй техникээр хэрхэн илүү ашигтай ажиллаж байгааг монголын уул уурхайчдад бодитоор нь анх харуулсан. Энэхүү уурхай дээр одоогийн дотоодын тэргүүлэгч уул уурхайн гэрээт олборлогч компаниуд болох “MNO” болон “Хишиг Арвин Индустриал”-ууд туршлага хуримтлуулсан байдаг. Бидний хувьд ч гэсэн түүнээс өмнө “САТ”-ын тоног төхөөрөмжийн хэрэглээ ч бага байсан бол барууны сахилга бат сайтай, бүтээмж өндөртэй үйл ажиллагаа явуулдаг компани ороод ирэхээр бид шахалтанд орж ханган нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, бааз сууриа сайжруулахад нэлээд түлхэц болсон байдаг. Уул уурхайн оператор, инженер техникийн ажилчдыг ч маш чадварлаг туршлагаар хангасан. Үүгээрээ Монголын уул уурхай дэлхий дээр үр ашигтай гарах нэгэн том алхам болсон. Жишээ нь  2011 онд, ялангуяа Ухаа худагийн тоног төхөөрөмжүүдийг хангаж ажиллахын тулд “Агрегат засварын төв”-ийг байгууллаа.
Ийнхүү үндэсний олборлогч уул уурхайн компаниудын түүхэн хөгжлийн явцад нь бид хамтдаа л хөгжөөд явж байна. Бусад ханган нийлүүлэгчид Вагнер Азитай өөрсдийгөө жишиж, хурцалж явдаг. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” бол Монголд анхдагч тоног төхөөрөмжийн бүрэн хэмжээний дистрибьютер, дилер компани.
-Танай компани харилцагчдынхаа техник тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэшсэн ажилчид, боловсон хүчнийг өөрсдийн зүгээс нийлүүлдэг үү, эсвэл тусгай сургалт зохион байгуулдаг уу?
-Бид уул уурхайгаараа дэлхийд дээгүүрт жагсдаг ч дэлхийн тавцанд гарахад Индонез, Австрали зэрэг барууныхантай өрсөлдөхүйц боловсон хүчин, техник, нөөц бололцоо, мэдлэг туршлага дутмаг. Мэргэжлийн сургуулийн хувьд техникийн сургалтын хөтөлбөр нь харьцангуй хоцрогдсон. Механик инженерийн сургууль /МИС/-ийг төгсөж байгаа залуус “орос школын” онолын мэдлэгтэй төгсдөг. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”-ийн хувьд МИС-ийг төгссөн хүнийг уул уурхайн салбарт ажиллахуйц хэмжээний боловсон хүчин болгоход дор хаяж дахин нэг жил номын мөр сонсгож, ажлын дадлагад гаргадаг. Бид 2010-2013 онд техникийн боловсон хүчин бэлтгэх сургууль байгуулж байлаа. Тэр үед жишээ нь, Оюутолгой, Лэйтон,  Энержи Ресурсез, Эс Жи Эс, MAK гэх мэт компаниуд манайд анги бүрдүүлж техникийн боловсон хүчнээ сургаж авч байсан. Тэр утгаараа бид харилцагч нартаа инженер техникийн ажилтан бэлтгэх тал дээр тусламж, дэмжлэг үзүүлдэг. Бид ирэх жилээс сургуулийнхаа ажлыг сэргээн эрчимжүүлэхээр бизнес төлөвлөгөөндөө тусгаад ажиллаж байгаа.
Нөгөөтэйгүүр 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар бид 1200 гаруй ажилчидтай байснаас талаас илүү нь инженер техникийн ажилчид байлаа. Зах зээлийн ороо бусгаа байдал үүссэнээс хүн хүчнийхээ тоог 400 хүртэл бууруулсан. Бидний бэлдсэн тэдгээр ажилчид харилцагч байгууллагуудад, магадгүй өрсөлдөгч компаниудад, товчхондоо өөрийн салбартаа шингэсэн байдаг юм. Харин одоогоор манайх 500 гаруй ажилчидтай болсон. Вагнер Азийг уул уурхайн салбар томоохон академи гэж хардаг.
-Дэвшилтэт шийдэл бүхий шинэ техник ирэх тутамд операторуудыг сургах шаардлага гарна. Энэ тохиолдолд харилцагч компанийн операторыг сургах уу, өөрсдийн зүгээс оператор ажиллуулдаг уу?
-Бид тухайн компанийн операторыг сургаж өгнө. Тус техник дээр ажиллах бүх ээлжийн операторыг сургана. Тэд нэн тэргүүнд М ангилалтай байх ёстой. Ийм суурьтай хүний хувьд дадлагатайгаа нийт долоо хоногийн сургалтанд хамрагдана. Бид тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгөхөөс гадна ашиглалт тал дээр нь нэлээд анхаарал хандуулж сургаж өгдөг. Жишээ нь, “CAT”-ын техник маш хүчтэй. Хад таарлаа ч зогсохгүй ажиллаад хагалаад л зүтгүүлнэ гэсэн үг. Тэгэхээр операторын ур чадвар маш чухал. Вагнерын операторын сертификат гэж байдаг юм. Түүнийг ангилал ангилалаар нь олгодог. Уурхайчдыг ажилд авахдаа “Вагнерын сертификаттай юу?” гэж асуух тохиолдол маш их байдаг. Энэ нь бараг М ангилалаасаа илүү үнэлэмжтэй бичиг баримт болсон юм шиг байгаа юм.
-“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани уул уурхайгаас гадна ямар төрлөөр ханган  нийлүүлэлт хийдэг вэ? Энэ талаар танилцуулаач.
-Манай компани барилга, зам, эрчим хүч, хөдөө аж ахуй, суудлын автомашин зэрэг маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-Эрчим хүчний дутагдалтай улс орны хувьд энэ сэдэв илүү сонирхол татаж байна. Та энэ талаар илүү тодруулж ярихгүй юу?
- Эрчим хүчний салбар бол нөөц бололцоо ихтэй салбар. Наанадаж сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцооны талаар сүүлийн үед их ярьдаг болсон. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбар хөгжөөд аж үйлдвэржилт хөгжөөд ирэхээр эрчим хүчний нөөц бололцоо дутмаг байгаа. Яалт ч үгүй одоо байгаа нөхцөл байдал бол эрчим хүчний гачигдалд орчихсон. Тэр их гачигдлыг манайх шиг тархай бутархай суурьшилтай, дэд бүтцээ бүрэн сайн хөгжүүлж чадаагүй улсад байж болох ганц шийдэл нь бол дизель эрчим хүч юм. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани дизель эрчим хүчийг уул уурхайтай уялдуулахдаа дизель цахилгаан станцыг суурилуулах боломжтой. Том төслүүдээс жишээ аван дурьдвал, “Эс Жи Эс” дээр 12.6 мегаваттын цахилгаан станц суурилуулах төсөл байсан. Эхний 5.4 мегаваттыг нь суурилуулаад хоёр дахь хэсгийг нь суурилуулаагүй. Бүрэн хэрэгжүүлсэн төсөл гэвэл МАК-ын 7,2 мегаваттын станц бий. Уул уурхайн ажил эхэллээ гэхэд цахилгааны хэрэгцээ зайлшгүй гарна. Тэр үед манай цахилгаан станцын шийдэл уурхайчдад дэмжлэг болдог. Барууны өндөр үнэтэй техникийг яаж зарах вэ гэдэг асуудал гарна. Банкны салбар ч сайн хөгжөөгүй байлаа.
Тэр үед бид шийдэл олохын тулд тодорхой хэмжээгээр өөрсдийн зүгээс төлбөрийн уян хатан нөхцлийг санал болгох, төлбөрийг хувааж төлөх, түрээсээс худалдаанд шилжих нөхцөл зэргийг анх гаргаж ирсэн юм. Энэ бүхэн нь ажил хийе гэвч техникгүй байсан хүмүүст дэмжлэг болж чадсан байх.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” тоног төхөөрөмж зардаг компани байтал олон сая долларын зээлийн багцтай болсон тул 2011 онд “Вагнер Ази Лизинг”-ийг байгуулсан юм. Өнөөдөр бол бид өөрсдөөсөө нөөц бололцоо хайхаас илүүтэй Хас лизинг, Голомт банк, ТДБ лизинг зэрэг байгууллагууд том хэмжээний үнийн дүнтэй зээл олгох тал дээр илүү чадавхижсан учраас энэ үйл ажиллагаанаас гарч байгаа.
-Хувийн хэвшлийн байгууллагынханд хамгийн чухал зүйл бол татварын таатай орчин. Та бүхний хувьд татварын нөхцөл хэр таатай байж чадаж байна вэ?
-Бид өнгөрсөн жил тайлан гаргасан байгаа. Энэ тайланд тусгагдсанаар бидний өгсөн татварын мөнгөний хэмжээгээр:
Монголын татварын орчин бол олон улсын хэмжээнд яривал гайгүй. Сүүлийн үед татварын бодлогыг чангатгах талаар яригдаад байгаа. Шинэчилсэн нэмүү өртгийн албан татварын хууль манай бизнест сөргөөр нөлөөлөх болсон. Яагаад гэвэл, үндсэн хөрөнгөөр бүртгэж авч байгаа тоног төхөөрөмж, техникийн НӨАТ-аа буцаан авах боломжгүй болсон. Тэгэхээр НӨАТ-ын татварын 10 хувь нь өртгийг 10 хувь өсгөх шалтгаан болж байгаа юм. Ялангуяа түрээсийн бизнест сарын төлбөрийн өртөг 10 хувь нэмэгдэнэ гэсэн үг.
Мөн гаалийн албан татвар шууд нөлөөтэй. Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсантай холбоотойгоор гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн болгонд эх үүсвэрийн гэрчилгээ шаарддаг болсон. Татвар гэхээс илүү сэлбэг болгон дээр гэрчилгээг нь гаргаж өгнө гэдэг боломжгүй зүйл. Тэгэхгүй бол 10 хувийн татвараа төлнө.
Монголын бизнесийн зөвлөл, Америк-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын идэвхитэй гишүүний хувьд эдгээр байгууллагаар дамжуулаад хувийн хэвшлүүд санал, гомдлоо хүргүүлдэг. Үүгээр бид гаалийн бичиг баримтын асуудлыг шийдүүлсэн. Төр засаг ч үүнд уян хатан хандаж ажиллаж байгаад баяртай байдаг. Гаалийн татвар чөлөөт зах зээлийн гол үндсэн суурь зарчим бол өрсөлдөөний эрх тэгш байдал. Дотоодын бүтээгдэхүүн гадаадын импортын бүтээгдэхүүн гэж ангилах тохиолдол байна. Ялангуяа импортын бүтээгдэхүүний нэгэнд нь гаалийн татварыг тэглээд, нөгөөд нь хэвээр үйлчлээд байгаа нь өрсөлдөөний тэгш байдал алдагддаг. Япон Монголын чөлөөт худалдааны гэрээнээс хожсон улс нь зөвхөн Япон гэж харж байгаа. Монголын импортын өсөлт, Японы импортын өсөлтийг харьцуулахад энэ асуудал тодорхой харагдана. Монгол Улс Японд экспортын бараа бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө байх нь зөв. Гэхдээ бид хараахан бэлэн болоогүй байсан юм болов уу. Манай компанийн хувьд улс төрөөс ангид, тухайн байгаа нөхцөл байдалдаа ажиллаад л явдаг зарчимч, шударга, жинхэнэ барууны соёл, ёс зарчмыг баримталдаг байгууллага. Барууны зарчимтай ч 97 хувийн монгол ажилтантай хамт олон.
-Та бүхэн өнгөрсөн жилүүдэд нийт хэчнээн аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч ажилласан бэ?
-Сүүлийн 5 жилээр хийсэн судалгаагаар гэхэд бид 900 гаруй компанитай хамтран ажилласнаас дийлэнх нь уул уурхайн чиглэлд хамтарсан байдаг юм. ‘‘CAT’’-ын хувьд бид дэлхийн шилдэг техник, хөрөнгө оруулалтын өртөг өндөртэй техник, тоног төхөөрөмжөөс гадна хятадын SEM тоног төхөөрөмжийг оруулж ирдэг. Хятадын “Шандон Тоног Төхөөрөмж” үйлдвэрийг Катерпиллар худалдаж авсан юм. Ингээд хятадын 50 ковштой, дунд оврын бульдозертой өрсөлдөх тоног төхөөрөмжүүдийг гаргаж ирсэн нь SEM бөгөөд энэ нь өртөг багатай байдлаар зарим сайжруулалтыг хийсэн, хүчин чадал сайтай  техник юм. Үүнийг манай шороон ордны компаниуд түлхүү авдаг. Энэ мэтчилэн манай компани уул уурхайн бүхий л сегментэд нийлүүлэлт хийдэг.
-Цаашид ирэх жилүүдийн төлөвлөгөөндөө оруулсан байж магадгүй, хэрэглэгчиддээ зориулж шинэ ямар бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр зорьж байна вэ?
-Ирэх жил тусгай нэг зүйл байгаа ч одоохондоо зарламааргүй байна. Энэ бол дэлхийн хэмжээний юм бий. Катерпиллар бол тоног төхөөрөмжийн биш технологийн компани болсон. Юу гэвэл, тоног төхөөрөмжийн механик инженерчлэлийн сайжруулалт ажлын ашигт үйлийн коэфициентийг хоёр оронтой тоогоор өсөх боломжгүй болтлоо ханажээ. Тиймээс технологиудын сайжруулалтыг хийх болсон юм. Үүнд Катерпиллар маш их хөрөнгө оруулалт хийсэн. Сүүлийн 2, 3 жилд гэхэд том том нээлтүүдийг энэ салбарт оруулж ирж байгаа. Ийнхүү ухаалаг техник нэвтэрснээрээ операторын ур чадварын асуудлыг технологиор шийдэж байгаа юм. Тиймээс 2018 оны сүүлчээр маш том бэлэг барина.
Бидний техник арчлах менежментийн арга барил нь эвдрэнгүүт засдаг аргачлалтай байж. Одоо ч тэр дадлаар явж байгаа улсын болон хувийн байгууллагууд байна. Дараагийн шат нь гэвэл, барууныхан урьдчилан сэргийлэх техник менежментийн арга барилтай болсон. Тодруулбал, тогтмол мот/цагийг хянадаг, эвдрэхээс нь өмнө тос шүүлтүүрийг сольдог аргад хэдийнэ дадсан байна. Монголчууд бол тэр тал дээр барууны компаниудаас суралцаж байгаа. Бороо Гоулд, Тийс, Оюутолгой зэрэг компаниуд энэ аргачлалыг маш сайн хэрэгжүүлж байгаа. Үүний дараа дэлхий ертөнц хаашаа шилжиж байна вэ гэхээр, “нөхцөл байдалд суурилсан техник менежментийн арга барил”. Тухайн уурхай маш их тоосжилттой, эсвэл усжилт чийгшилттэй, үгүй бол хад асга ихтэй зэрэг ямар ч нөхцөл байдалтай байж болно. Үүнээс хамаараад техникийн элэгдэл хорогдол өөр өөр. Тэр бүхнийг янз бүрийн аргаар хянах аргачлалууд бий болсон юм.
Манайд 2011 онд дэлхий дахинаа маш цөөн байдаг “CAT”-ын сертификатчилсан, ISO стандартад нийцсэн тосны лабораторийг байгуулсан. Энэ нь моторын тос, гидрийн тос, хөргөх шингэн зэргийг авч шинжилдэг. Улмаар төмрийн үзүүлэлт нь ихэссэн байна уу, хөнгөн цагааны үзүүлэлт нь ихэссэн байна уу, зэсний үзүүлэлт ихсэж үү гэдгээс нь хамаараад ямар эд анги муудаж байна, элэгдэж байна вэ гэдгийг мэдээд эвдрэлээс урьдчилан сэргийлж оношилдог болсон юм. Мөн элэгдэл багатай, уурхайн таатай нөхцөл байдалд ажиллаж байгаа техникийн тос шүүлтүүрийг заавал 250 мот/цагт нь тогтмол солих шаардлага байхгүй болж байгаа юм. Манайх сүүлийн жилүүдэд л тоног төхөөрөмжийн нөхцөл байдлын менежментийн шийдлийг хөгжүүлж байна. Гол үндсэн үзүүлэлтүүд нь бол тосны шинжилгээ, электрон дата гэж байна. Электрон дата гэдэг нь оператруудын гаргаж буй алдаа бүрийг техникүүд өөрсдөө бүртгээд бидэнд мэдээлж байдаг. Хянах самбар цаанаа санах хайрцагтай бөгөөд хяналтаа бидэнд сансрын антеннаар дамжуулан мэдээлдэг.
-Уурхайн нөхцлийг яаж тодорхойлдог вэ? Газар дээр нь очиж судлах уу?
-Уурхайн нөхцлийг судалдаг анкетууд байдаг. Бид уурхайд нь очиж бас судална. Бүх уялдаа холбоонд тулгуурлаж оношлогоо, засвар үйлчилгээ явагдана. Манайх энэхүү нөөц бололцоог бүрэн хөгжүүлж чадаж байгаа. Нөхцөл байдлын судалгааны лабораторид судалгааны ажилчид ажилладаг. Бидэнтэй хамтран томоохон уурхайнууд энэ дадал зуршилд шилжиж байна.
-Монголд дээр дурьдсан ухаалаг техник хэд байгаа вэ?
-Монголд ийм хяналттай 100 орчим техник байна. Ер нь монголын зах зээлд “CAT”-ын нийт 2000 орчим техник байдаг. Үүнээс 300 гаруй нь электрон дата системтэй. Эдгээрийг хэрэглэж дадуулах нь чухал байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд салбар нэгт хамт олондоо хандаж байгууллагаа төлөөлөн үг хэлэх боломжийг танд олгож байна.
-95 насныхаа ойг тэмдэглэж байгаа Уул уурхайн салбарынхандаа, уурхайчиддаа “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн зүгээс ойн халуун мэндийг хүргэж байна. Хэдийгээр уул уурхайн салбарт сүүлийн 20 жилд нь оролцож байгаа тодорхой хэмжээгээр залуу оролцогч боловч өөрийн нөөц бололцоогоороо тус дэм болох гэж ажиллаж яваа хамт олон юм шүү. Та бүхэнтэйгээ цаашдаа ч улам илүү ололт амжилттайгаар хамтарч, монголын уул уурхайн салбарыг дэлхийд тэргүүлэгч болгохын төлөө бидний зүгээс бүх хүч чадлаа та бүхэнтэйгээ дайчлан ажиллахад бэлэн байна.

Эх сурвалж: Уул уурхайн мэдээ сонин

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.