Ч.Ганзориг:Бид уурхайн хаалтыг эдийн засгийн үр ашигтайгаар хийсэн анхдагч байгууллага болохыг эрмэлзэж байна

Огноо: 2017-12-22

Эдийн засгийн тэргүүлэгч салбараар уул уурхайгаа тодорхойлсон бидний хувьд эх орон газар нутгаа хойч үедээ унаган төрхөөр нь хадгалан үлдээх асуудал нэн тулгамдсан асуудал болоод олон жилийг ардаа үдэж байна. Тэгвэл “алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэсэн үг байдагтай ижил хэсэг байхад үүрэг, хариуцлагаа ухамсарласан зөв үйлдэл, зүтгэлтэй хамт олон ч цөөнгүй бий. Тэдний дундаас бид энэ дугаартаа Уул уурхайн үндэсний олборлогч компанийг онцолж байна. Тус хамт олны менежмент, арга барил, соёл, үнэт зүйлсийн талаар та бүхэнтэй хуваалцахаар УУҮО компанийн ХАБЭА,БО-ны менежер Ч.Ганзориг-той ярилцсанаа хүргэе.
-Шинэ оны босгон дээр ирлээ. Ярилцлагынхаа эхэнд танай компанийн 2017 онд хийсэн нөхөн сэргээлтийн ажлаас сонирхвол?
-УУҮО компани нь нөхөн сэргээлтийг Монгол улсын хууль тогтоомж, стандартын дагуу  хийж орон нутаг болон лиценз эзэмшигч компанид хүлээлгэн өгдөг. 2017 онд Заамар сумын Хайлааст багийн нутагт байрлах Баянгол төслийн Зүүншандын ордод 38 га техникийн, 51.4 га-д биологийн нөхөн сэргээлтийг  хийсэн. Бид 2012-2017 он хүртэл лиценз эзэмшигч “Мон Дулаан Трейд” компанийн олборлогчоор ажиллаж Багахайлааст, Салтгар, Бурхант, Зүүншанд зэрэг ордуудад нийт 309,4 га техникийн, 291,7 га биологийн нөхөн сэргээлтийг хийж орон нутагт талбайгаа хүлээлгэж өгсөн.
-Нөхөн сэргээлтээ ямар арга барилаар хийж гүйцэтгэдэг вэ?
-Манай компани тухайн ордыг ашиглахаас өмнө хэрхэн нөхөн сэргээлт хийхээ төлөвлөдөг. Олборлолт хийх явцдаа  дотоод овоолго, нөхөн дүүргэлтийн аргаар нөхөн сэргээлтээ хамтад нь хийгээд явж байгаа нь хугацаа хэмнэх давуу тал болдог. Манайх үндсэн ордод ашигладаг “CAT”-ын техникээр шороон ордод нөхөн дүүргэлт хийх шинэ технологийг нэвтрүүлэн ажилладаг. Тус шинэ технологийг Ашигт Малтмалын Газраас үнэлж “Шилдэг Технологи нэвтрүүлсэн ААН”-ээр шалгаруулан шагнаж байв.
Нөхөн сэргээлтийг үр  дүнтэй  хийхэд шаардлагатай шимт хөрс болон шимэрхэг хөрсийг хуулж тусад нь овоолго үүсгэн хадгалдаг. Шимэрхэг хөрс нь ургамлыг ургуулахад шаардлагатай эрдэс, тэжээлийн бодис, хөрсөн дэх чийгийг удаан хадгалах,  үржил шимт хөрсийг хур борооны усанд урсахаас хамгаалах зэрэг ач холбогдолтой. Нөхөн сэргээлт хийхдээ стандартын дагуу хуулсан хөрсөө буцаад үе давхаргаар нь дэвсэлт хийж  байгалийн унаган төрхөнд нь ойртуулдаг. Нөгөө талаасаа бид “мэргэжлийн” оператор компани учраас захиалагчдад  иж бүрэн үйлчилгээ үзүүлэх ёстой. Жишээ нь: Таны уурхайг эхнээс нь бид ингэж олборлох юм. Та ийм хэмжээний ашиг орлого олно, энэ хэмжээний зардал нь нөхөн сэргээлт болж, дараа нь энэ уурхай орон нутагтаа “ийм газар” болж үлдэнэ гэдгийг манай мэргэжилтнүүд төлөвлөж өгдөг.
-Нөхөн сэргээлт хийхдээ борооны усны тооцооллыг манайхан бага хийдэг санагдсан. Та бүхэн ийм тооцооллыг төлөвлөгөөндөө хэрхэн тусгаж ажиллаж байна вэ ? Байгалийн гамшигт үзэгдэлд нөхөн сэргээсэн талбай өртөхөөс сэргийлэх ямар технологи ашигладаг вэ?
-Хур бороон дээр товч ярья. Бороо ороод үер боллоо гэхэд шимэрхэг хөрс нь шимт хөрсөө урсахаас хамгаалах учиртай юм. Хар хөрс нь шүүлтүүр шиг шингээж шимэрхэг хөрс нь чийгийг нь барьж байдаг. Өөр нэг арга нь бид тариалалтыг хур бороо орохоос өмнө буюу тавдугаар сарын дунд үеэс эхлүүлбэл тарьсан ургамал хөрсөндөө бэхжих боломжтой болно. Мөн тухайн бүс газрын гадаргад нь тохируулан үерээс хамгаалсан шуудуу, хаалт зэргийг хийдэг. Ингэхдээ тусгай программ ашиглан хэлбэржүүлсэн газартаа бороо оруулж туршдаг.
-Нөхөн сэргээлт хийхэд нилээд их зардал гардаг байх. Зардлыг бууруулах арга техниологи, туршлагаасаа хуваалцаач.
-Уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө нөхөн сэргээлтээ яаж хийх вэ? Ямар хэмжээний зардал гарах вэ? Богино хугацаанд нөхөн сэргээлтийг яаж хэрхэн үр дүнтэй хийх вэ? гэдгээ тооцож, олборлолт нөхөн сэргээлтээ зэрэгцүүлэн дотоод овоолго, нөхөн дүүргэлтийн аргаар анх байсан газрын релеф-т ойртуулж хэлбэршүүлэлтийг хийж гүйцэтгэж байна. Энэ нь нөхөн сэргээлтийг зардал багатай, богино хугацаанд үр дүнтэй хийх боломжыг бүрдүүлдэг.
-Нөхөн сэргээлт гэдэг нь зөвхөн эвдэрсэн газрыг булаад орхих ажил биш. Тиймээс цаашдаа уул уурхайн хаалтад чиглэсэн эдийн засгийн үр өгөөжтэй ямар ажлуудыг төлөвлөн хийж байна вэ?
-Ер нь уурхайг эдийн засгийн үр ашигтай байдлаар хаах, ашиглаж байсан газраа нийгмийн хариуцлагатайгаар яаж орон нутагт нь буцаан үлдээх вэ гэдэг яриа жил болгон семинар дээр өрнөдөг. Одоогоор манай хуулийн орчин хараахан бүрэлдээгүй байна. Төслүүд нь холбогдох яамдын хүрээнд явж байгаа байх.
Заамарт байгаа манай Баянгол төсөл 2012 оноос хойш ажиллаж байгаа урт хугацааны төсөл тул ажилчдын тохилог кэмп, интернет, цахилгаан, зам дэд бүтцийг барьж байгуулсан. Энэ бүтээн байгуулалтаа түшиглээд уурхайн хаалтаа спорт, аялал жуулчлалын чиглэлээр хийхээр төлөвлөөд уурхайн хаалтын төлөвлөгөөгөө хийж боловсруулсан.
Тухайн бүс нутагт уурхай байсан газрыг нөхөн сэргээж, эдийн засгийн үр ашигтайгаар уурхайг хаах, мөн орон нутгийн иргэдийг үргэлжлүүлэн ажлын байртай үлдээх зорилго тавьж байна. Лиценз эзэмшигчтэй бид санал бодлоо хуваалцаад дээрх зорилгодоо нэгдэж чадсан. Одоогоор гагцхүү ямар цогцолбор болох вэ гэдгийг дүрслэе гэсний үндсэн дээр судалгаа хийгээд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ажлын зураг болон макетан дээр төсөөллөө буулгаад байна. Спорт, аялал жуулчлалын цогцолбор дотроо экстрим 4 дугуйт мотоциклийн уралдааны зам, мини гольф, мини усан парк,байгалийн нуур, мод үржүүлгийн газар зэргийг төлөвлөсөн. Түүнчлэн тус бүс нутгийн иргэдэд малын бэлчээрийн газрыг ч хүлээлгэж өгнө. Нөхөн дүүргэлтээ хийхдээ энэ төлөвлөсөн бүтээн байгуулалт болон бэлчээрийн газартай уялдуулан гүйцэтгэж байна. Дээрх цогцолбор биеллээ олох тэр үед бид уурхайн нөхөн сэргээлтийг эдийн засгийн үр ашигтай байдлаар хийсэн анхдагч компани болох юм.
Өнөөдөр бид уул уурхайн ажил эхлүүлэхдээ “хаахдаа ийм болсон байна” гэж төлөвлөх ёстой гэдэг ойлголтонд л хүрлээ. Хамгийн гол нь уурхай гэдэг хаалтаа зөв, сайн, эерэг байдлаар хийж болдог юм байна гэдгийг харуулж болно.
-Орон нутгийн иргэд нөхөн сэргээлтэд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Манай байгууллага иргэд, малчид, Заамар сумын МСҮТ-ийн оюутнууд, “Заамар Арвижих” нөхөрлөл, “Энх Мөнх эргэх холбоо” ТББ-уудтай хамтран ажиллаж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах,  нөхөн сэргээсэн талбайгаа үзүүлж өөрсдийн туршлагаасаа хуваалцах, байгаль орчны мэдлэг олгох сургалт, практикийн  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Ингэснээр нөхөн сэргээсэн талбайгаа хамгаалахад давуу тал болж байна. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэдийг нөхөн сэргээлтэнд ажиллуулж ургамал тариалах үрэлгээ хийлгэх, ургамалын үр түүх, чулуу түүх, гараар тариалалт хийх, мод тарих, арчлах ажлууд багтдаг. Орон нутгийн иргэдтэй хамтран нөхөн сэргээлт хийсэн талбайд болон ажилчдын кэмпийн хашаанд төмс, хүлэмжинд хүнсний ногоо тарьж хураан авч иргэд, ажилчдын хоол хүнсэнд хэрэглэж байна.
Ийнхүү бид уул уурхай зохистой, мэргэжлийн, хариуцлагатай явж болдог юм байна гэдгийг нийгэмд таниулахыг зорьж ажилладаг.
-Нөхөн сэргээлт хийгдсэний дараа ямар мониторинг хяналт хийдэг вэ?
-Биологийн нөхөн сэргээлт хийхээс өмнө үржил шимт хөрсийг шинжилгээнд өгч хөрсний ялзмаг, хөрсний PH, чийгний агууламж зэргийг лабораторт шинжилгээнд өгч ургамал ургах боломжтой эсэхийг тодорхойлдог. Хөрсийг стандартын дагуу хадгалдаг, нөхөн сэргээлтээ богино хугацаанд хийдэг тул хөрсний үр шим алдагдах асуудал гардаггүй.Тариалалт хийх үрээ талбайд тарихаас өмнө туршиж ургах чадварыг тодорхойлсны дараа нэг ба олон наст ургамалыг трактороор болон гараар үрлэж биологийн нөхөн сэргээлтээ хийнэ.Тариалалт хийсний дараа ургамалын ургалт, биомасст ургамалын мониторинг хийж, хөрсний хяналт шинжилгээг улирал бүр хийдэг. Нөхөн сэргээлт хийгдсэн талбайд 3-5 жилийн хугацаанд байгаль орчны мониторинг хийнэ.
-Хаалт хийгдэлгүй, орхигдсон уурхайнуудыг цэгцлэх, нөхөн сэргээх ямар арга зам байж болох вэ?
-1990-ээд оноос хойш 2000 он хүртэл уул уурхай нэлээд хяналтгүй, хууль эрх зүйн хувьд ч дутмаг байсан болов уу. Одоо бол БОАЖЯ нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө гэж авдаг болсон. Жил бүр хийх нөхөн сэргээлтийн хэмжээний 50 хувийг байршуулж байж үйл ажиллагаа явуулах тухайн жилийнхээ менежментийн төлөвлөгөөг батлуулж авдаг юм. 50 хувийн хөрөнгө байршуулсан ч  хаалт хийгдээгүй уурхайд тендер зарлаж нөхөн сэргээлт хийх эрхтэй компаниас шалгаруулах замаар байгалиа сэргээх боломж л үлдэнэ дээ. Эсвэл хууль хяналтын байгууллагаас хариуцлага хүлээлгэж болох юм.
Ер нь одоо хууль, хяналт нь сайжирсан учраас хаяаад явдаг компани харьцангуй багассан байх гэж бодож байна.
-Та бүхэн ямар бодлого, менежмент баримтлан ажиллаж байгаа талаараа товч тайлбар өгөөч.
-Манай хамт олон хэдэн зүйлээр салбартаа түүчээлж, бусаддаа үлгэр дуурайлал нь болж ажиллахыг эрмэлздэг. “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь байгаль орчинд ээлтэй бизнес явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлаар манлайлагч байх, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, энэ бүгдийг бизнесийн том соёл гэж ойлгодог. Уг соёлыг хоёр багцаар харвал нэг нь менежмент буюу зохион байгуулалт, төлөвлөлт, эрсдлүүд бол нөгөө нь соёл буюу уулыг авч явж байгаа хэн бүхэн байгалиа хамгаалж, аль болох бага нөлөө үзүүлэх, дэмий нүх ухах шаардлагагүй гэдгээ ухамсарлан ойлгох явдал юм. Тиймээс “Бид олборлолтын соёлыг хөтлөнө” гэсэн уриатай мэргэжлийн олборлолт явуулдаг байгууллага байхыг үргэлж зорьж явна.
Бидэнд техник нь, мэргэжлийн боловсон хүчин байна. Бүхий л инженер, геологийн төлөвлөлтийн баг ажиллаж байна. Олборлолтыг мэргэжлийн түвшинд хийж өгөхөөсөө өмнө яаж нөхөн сэргээх вэ, уурхайг хаахад ямар хэмжээнд үлдээх вэ, орон нутаг нь юу авч үлдэх вэ гэдгийг эхэлж бид яридаг. Оператор компани лиценз эзэмшигч биш, бид олборлож өгдөг бизнесийн онцлогтой хамт олон. Орон нутаг болон улс, ард иргэд лицензийн эзнийг л гэж харна. Тиймээс бид тэр эзний нэрийг өндөрт өргөж, хариуцлагатай уул уурхайг түүний өмнөөс гүйцэтгэж өгч байгаагийн хувьд анхнаас нь нөхөн сэргээлтээ төлөвлөх юм. Захиалагч талд ашгаа өгөхийн зэрэгцээ мөн бизнесийн байгууллагын хувьд бид ч ашигтай ажиллах ёстой. Тиймээс бид маш нарийн төлөвлөхөөс өөр аргагүй. Шороог нэг метр л илүү зөөвөл бид алдагдалд орно гэсэн үг. Мэргэжлийн байгууллагын мэргэжлийн уурхайчид ажиллах нь хариуцлагатай уул уурхай юм гэдэг зарчим дээрх жишээгээр харагдаж буйг хэлмээр байна. Зам барилгын ажил ашиггүй боллоо гээд зам дээр ажиллаж байсан хэдэн техникээ аваад алт найдвартай гэсэн санаагаар уурхай ухаж болохгүй. Уул уурхай мэргэжлийн салбараараа мөн хариуцлагатай хөгжих ёстой.
-Бизнес эрхлэгчийн хувьд өрсөлдөгчөөсөө ялгарахын тулд алсаа ямар байдлаар харж байна вэ?
-Бид яаж өрсөлдөх вэ? гэхээр хэн зөв хийж, мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа нь ялгарч гарна гэж алсаа харж байгаа. Бидний бизнесийн онцлог нь ийм байдлыг зайлшгүй шаардана.
-Шинэ оны босгон дээр ирлээ. Та бүхэн ирэх ондоо төлөвлөсөн ажлаасаа танилцуулж болох уу?
-OHSAS18001 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” гэрчилгээг салбартаа манай хамт олон хамгийн түрүүнд 2013 онд авч байсан юм. Энэ жил бид гэрчилгээний магадлах аудитаа дахин амжилттай давж, тус гэрчилгээний итгэмжлэлийг гурван жилээр сунгаж чадсан. Харин ирэх жил  байгаль орчны чансааны гэрчилгээг авахыг зорьж байна. ISO14001 “Байгаль орчны удирдлагын тогтолцоо”-ны гэрчилгээг авна гэдэг нь өөртөө асар том босго тавьж байна гэсэн үг.
-Ярилцлагынхаа төгсгөлд энэхүү өндөр хариуцлагыг мөр зэрэгцэн үүрч яваа салбарынхаа хамт олонд гэгээлэг сайхан уриалга хэлэхийг хүсч байна.
-Дүн өвлийн хүйтэн наашилсан энэ үед үүрийн таван жингээр тачигнах жаврыг үл хайхран эртлэн босоод аягатай халуун цайгаа оочлонгоо шөнийн ээлжийнхний бүтээсэн ажлыг хараад карьерийнхаа ирмэг дээр зогсож буй уулын мастер, хүнд даацын техникийн оператор, инженер, геологичиддоо ойн баярын мэнд хүргэе!
Бид бол уул уурхайн түүхтэй ард түмэн. Өөрийн гэсэн хэлтэй, нэр томъёотой салбарынхан маань уул уурхай өндөр хөгжсөн орнуудын технологиудаас суралцахын  зэрэгцээ өөрсдийн үндэстний байгаль хамгаалах соёлоо дээдэлдэг арга ухаан, онцлогоо байгууллагынхаа үнэт зүйлээ болгон  хамтад нь авч явмаар байна.
Ингээд эцэст нь байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлийн болон уул уурхайн салбарын бүх хамт олондоо уриалахад, нөхөн сэргээлтээ маш сайн хийдэг болцгооё. Ингэж гэмээ нь иргэдийн уул уурхайн талаарх зарим сөрөг хандлагыг бид эерэг болгож чаднаа. Хамтдаа үүнийг хийцгээе.
-Сайхан уриалгаар ярилцлагыг минь өндөрлүүлж байгаа танд баярлалаа. Та бүхний зорьсон бүхэн биеллээ олох болтугай.
-Баярлалаа.


Эх сурвалж: Уул уурхайн мэдээ сонин

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.