Ён Гю Хүн: Солонгосын нөхөн сэргээлтийн технологийг нутагшуулвал бидний зорилго биелнэ.

Огноо: 2017-12-22

Монголчууд сүүлийн үед уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой асуудалд эрчимтэй анхаарах болсон. Үүнтэй холбоотойгоор Солонгосын  байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг дагнан хариуцдаг “Миреко Эм Жи Эл” ХХК-ийн захирал Ён Гю Хүнтэй сонирхолтой яриа өрнүүллээ.
-Танд энэ өдрийн мэндийг хүргье. Ярилцлагынхаа эхэнд Миреко компанийн тухай болон үйл ажиллагааны чиглэлээ танилцуулвал?  
-Миреко байгууллага нь Солонгосын аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа улсын агентлаг байгууллага юм. Солонгос дахь Мирекогийн төв оффисын үйл ажиллагааг ерөнхийд нь гурав хуваадаг. Нэгдүгээрт, уул уурхайн сөрөг нөлөөллийн менежменттэй холбоотой бүх төрлийн үйл ажиллагаа болон  түүнээс  гадна уул уурхайн үйл ажиллагаа хаагдсаны дараагаар нөхөн сэргээлт хийгдсэнээс хойш эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг голлон хариуцдаг. Гуравдугаарт  нүүрстэй холбоотой бодлого төлөвлөлтийн ажлыг  хариуцаж ажилладаг. Мирекогийн хувьд 2010 оноос хойш Монгол улсыг  ашигт малтмал ихтэй, уул уурхайгаас үүдэлтэй байгальд нөлөөлөх сөрөг нөлөөллүүд ихсэж байгаа, байгаль орчны менежмент шаардлагатай газар гэж үзэн “Миреко Эм Жи Эл”-ийг байгуулан Монгол улсын төрийн байгууллагууд болох БОАЖЯ, АМГТГ, УУХҮЯ, ЭХЯ, МХЕГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан өнөөг хүртэл  ажилласаар  байна.  
-Танай байгууллага Монгол улсад нөхөн сэргээлтийн  ямар бодлого, менежментийг баримтлан ажиллаж байна вэ?  
- Монгол улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн ажлыг тухайн аж ахуйн нэгжүүд тендер зарлахгүйгээр өөрсдөө хийх тохиолдол маш их байдаг. Тийм учраас манай байгууллагын хувьд ихэвчлэн БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койка/-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нөхөн сэргээлтүүдийг хийдэг. Мөн Олон улсын байгууллагаас дэлхийн банк зэрэг хэрэгжүүлж буй төслүүдэд оролцох замаар, дээрээс нь Солонгосын ийм аж ахуйн нэгжүүд ихэвчлэн зөвлөх үйчилгээ үзүүлэх зэргээр орлогоо бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг. Түүний адилаар бид одоогоор аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлтийн асуудлаарх зөвлөх үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.
-Тэгэхээр танай байгууллага зөвхөн зөвлөх үйлчилгээ явуулдаг гэж ойлгож болох уу?
- Одоогийн нөхцөл байдалд уул уурхайн компаниуд ихэвчлэн нөхөн сэргээлтээ өөрсдөө хийгээд явах төлөвтэй байгаа учир техник технологи болон бусад асуудлууд дээр зөвлөх үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар нөхөн сэргээх арга замыг зөвлөж уул уурхайн компаниудтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр нөхөн сэргээлтийн ажлыг мөн явуулдаг.
-“Миреко Эм Жи Эл” туршилтын нөхөн сэргээлт хийсэн байсан. Үр дүн нь хэр гарсан бэ?
-Туршилтын нөхөн сэргээлтийг бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдлын сангийн далан дээр биологийн нөхөн сэргээлт хийсэн. Үүнийг ярихын өмнө Монгол улсын  уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой ерөнхий ойлголтуудын талаар тайлбарлах хэрэгтэй байх. Солонгосын хувьд нөхөн сэргээлт хийх шаардлагатай салбар хэсгүүдийг зургаа хувааж үздэг. Монголын хувьд хоёр хуваадаг. Тухайлбал, Монголд хур тунадасны хэмжээ маш бага байдаг учир усаар газар эвдрэнэ гэдэг тооцоолол бага байдаг. Хучаад, услаад, шимт хөрсөн дээрээ ямар нэгэн ургамал тарьчих л юм бол нөхөн сэргээлт хийгдлээ гэж үздэг. Иймэрхүү хэлбэр элбэг. Монголын нөхцөл байдалд хур тунадастай холбоотойгоор тухайн нөхөн сэргээсэн газар дахин эвдрэлд орох магадлал маш өндөр байдаг. Монголд хур тунадасны хэмжээ бага байдаг ч нэг удаа орж байгаа хур тунадас их байдаг. Нэг удаагийн их хэмжээгээр орсон борооны ус урсахдаа нөхөн сэргээсэн газрыг эвдэх байдал үүсдэг. Ийм учраас тэр газрыг нөхөн сэргээхдээ Солонгосын хувьд хээрийн суурь судалгааг маш сайн хийж,  бүх үр дүнг гаргаж авсны дараагаар ямар байдлаар нөхөн сэргээлт хийх зураг төслөө гаргаад, ус зайлуулах систем зэрэг бүх зүйлсээ төлөвлөсний үндсэн дээр нөхөн сэргээлт хийдэг. Эрдэнэтийн уурхай дээр ашигласан технологи бол урьдчилсан байдлаар хугацаагаа маш сайн тооцоолсон. Мөн тухайн хаягдлын сан нь налуу далан учраас налуу байдлын тогтвортой байдлыг хангахын тулд ёроол хэсгээр том том чулууг тавьж өгсөн нь тогтвортой байдлыг хангана гэж үздэг. Мөн Эрдэнэтийн уурхай дээр биологийн нөхөн сэргээлт хийхээс гадна тоосжилтын асуудлыг бууруулах тал дээр санал оруулж байсан. Биологийн нөхөн сэргээлт хийсэн бол тухайн ургамалын өвөлжилтийг дэмжих зорилгоор хучилтыг хийсэн. Тухайлбал, есдүгээр сард үр тарилтаа хийгээд, хавар соёололтыг сайжруулахын тулд сүлжмэл дэрсээр хучаас хийсэн. Эрдэнэтийн хаягдлын сан дээр ялангуяа хүнцэл, зэсийн агууламж маш өндөр байдаг учраас шимт хөрсөөр зузаан хучих шаардлага гардаг. Урьдчилсан байдлаар шимт хөрсөө ямар агууламжтайг судалж байж хучсан.  
-Койка-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн талаарх мэдээлэлүүдийг дурьдвал:
Монгол улсад оффисоо нээсэн шалтгаануудын нэг бол Койка-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой байсан. Хамгийн эхэнд Ашигт малтмал газрын тосны газар дээр хэрэгжсэн уул уурхайн хор хөнөөллийн нөхцөл байдлын судалгааг хийж, лаборатори байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлэн 2013 оны эхээр хүлээлгэж өгсөн бөгөөд Ашигт малтмал газрын тосны газар дээр Койка-гийн  буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн төсөл маань уул уурхайн нөхцөл байдлыг судлаад, Монгол улсын нийт нутаг дэвсгэр дээр байгаа уурхайнуудаас 329 уурхайн бохирдлын мэдээллээр ДАТА бааз үүсгэсэн. Судалгаанд ус, хөрсний бохирдлыг судлан, бохирдол нь ямар хэмжээнд тархсан байна вэ гэдэг судалгаа хийн, шинжилгээнийхээ үндсэн дээрээс бохирдлын хэмжээг гаргасан. Одоогоор БОАЖЯ дээр уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулахтай холбоотой төсөл хэрэгжүүлж байна.  Нөхөн сэргээлтийн бодит ажлуудын хувьд Багануурын уурхай, Энержи Ресурс, Эрдэнэт үйлдвэр дээр нөхөн сэргээлтийн ажил хийж байсан. Мөн бичил уурхайнуудад нөхөн сэргээлт хийж, цаашдаа хэрхэн ажиллах тухай зөвлөх үйлчилгээнүүд үзүүлсэн.
-Монголд үйл ажиллагаа явуулахад тулгарч буй асуудлууд их байдаг. Учир нь уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинтой холбоотой хууль, журам их байдаг мөртөө хэрэгжихгүй нь олонтаа байдаг. Мөн тухайн бохирдолтой холбоотой үндсэн үзүүлэлтүүд нь хэтэрхий бага байдаг.
Мөн тулгардаг асуудал бол Монгол улсад ихэнхи уул уурхайн аж ахуйн нэгжүүд өөрсдөө газрын хэвлийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй байгаа байдал их байдаг. Энэ явдлыг Солонгосын хувьд хориглодог. Учир нь нөхөн сэргээлтийг хийх аж ахуйн нэгж маань тусгай зөвшөөрөлтэй мөртөө, мэргэжлийн байгууллага байх ёстой гэсэн шалгуур байдаг. Энэ асуудал Монголд хэрэгжихгүй харагддаг.
Монголчуудын хувьд ихэвчлэн ойн сан бүхий газар дээр хамгийн их анхаардаг. Мөн тоосжилтын асуудлыг хамгийн их анхаардаг. Бусад улс орнуудын хувьд хамгийн гол анхаарч үзэж буй асуудал бол ус, хөрсний бохирдол байдаг. Монголын нөхцөл байдалд ус, хөрсний бохирдлыг маш сайн шинжилж үзэхийн тулд Ашигт малтмал газрын тосны газар дээр тус ус хөрсний бохирдлыг шинжлэх лабораторийг байгуулсан. Угтаа ус, хөрс бохирдол хүний бие рүү орвол, төрөл бүрийн өвчин эмгэг, хорт хавдар үүсгэх эх үүсвэр болдог. Монголын хувьд “Минамата” конвенцод нэгдсэн байдаг. Энэ байгууллагад нэгдсэний хувьд уул уурхайн бохирдлоос үүдэлтэйгээр ямар нэгэн өвчин үүсэхээс сэргийлэхийн тулд энэхүү лаборатори ажиллаж байна. Мөн байгаль орчны үнэлгээг хийхийн тулд лабораторид дээжүүдээ авч очдог биш энгийн үед ч гэсэн дээжүүдээ шинжлэн ямар бодисоор юу илэрсэнг байнга хянаж байх шаардлагатай юм. Уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд энэхүү шинжилгээг санал болгодог боловч тогтмол арга хэмжээ авахгүй байгаа нь асуудалтай байна. Лаборатори анх 2011 онд байгуулагдаснаас хойш төсөл хүлээлгэж өгөх хүртэл төв байгууллагаас техник тоног төхөөрөмжтэй харьцах байнгын сургалт хийж, тогтмол хамтарч ажилласан. Манай төв оффис дээр байдаг лабораторийн хувьд олон улсын стандартад нийцсэн лаборатори байдаг. Манайхаар шинжлүүлсэн шинжилгээ аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм.
-“Миреко Эм Жи Эл” компанийн цаашид хэрэгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөг дурдвал?
-Одоогоор цаашид бидний хийх ёстой хамгийн гол ажил бол Монгол дахь уул уурхай, байгаль орчинтой холбоотой хууль эрхзүйн асуудлыг нэгтгэх шаардлагатай байна. Эдгээр ажлыг БОАЖЯ-тай хамтарсан төслөөрөө дамжуулан хийж байна. Үүнээс гадна цаашид уул уурхайн аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдыг нөхөн сэргээлтийн тухай нэгдсэн гарын авлагатай болгох юм. Мөн нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэйгээр хийж явах, уул уурхайгаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлтэй холбоотой ойлголтыг илүү нэмэгдүүлэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд нь уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд зөвлөх үйлчилгээг тайлан хэлбэрээр өгдөг. Яг тэр зөвлөмж, тайлангийн дагуу нөхөн сэргээлт хийхгүй байх тохиолдол их байдаг учраас загвар нөхөн сэргээлтүүдийг хийх шаардлагатай байна. Ер нь Монголд  Солонгосын нөхөн сэргээлтийн технологийн нутагшуулж чадвал бидний зорилго биелэх юм.  
- Мөн БОАЖЯ-тай хамтарсан төслийн хүрээнд Уул уурхайн байгаль орчны сургалтын төв байгуулах гэж байгаа. Ийнхүү  сургалтын хөтөлбөр боловсруулж, байгаль орчны мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдад санал асуулга явуулсаны үндсэн дээр сургалтын хөтөлбөрөө ангилах юм. Санал асуулгын үр дүнд байгаль орчин, уул уурхайн туршлагатай хүмүүсийн хувьд нөхөн сэргээлт явуулах журмыг маш сайн мэдэж байгаа боловч шинэ технологитой холбоотой хүлээн авах чадвар тааруу байсан. Гэтэл чадварын хувьд олон жилийн туршлагагүй мөртөө шинэ зүйлийг эрэлхийлсэн хүмүүс их байсан эдгээр санал асуулгын үндсэн дээр илүү дэлгэрүүлж өргөн цар хүрээтэй сургалтын маш сайн төлөвлөгөө боловсруулж ажиллах тал дээр ач холбогдол өгч байна.
-Таны хувьд уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг цаашдаа ямар байдлаар төсөөлж байна вэ?
- Солонгосын хувьд 1980-аад оны үед Монгол шиг нөхцөл байдалтай байсан. Уул уурхайнууд нь бүгдийг нь шахам ашигласан, нөхөн сэргээлт хийгдээгүй газрууд их байсан. Тухайн үеэс нөхөн сэргээлт хийгдэж эхэлсэн. Монголын хувьд Солонгосын жишгээр бол эвдэрсэн газрууд их байна. Гэхдээ уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой ойлголт тааруу байсан үеийг бодоход одоо бол харьцангуй сайжирсан юм. Тухайн улсын эдийн засгийн үзүүлэлт өсөх тусам байгаль орчны асуудлыг ойглох ойлголт нэмэгддэг. Монголын хувьд тэр ойлголт Солонгосыг бодвол илүү хурдан байна уу даа гэж ажиглагдсан.  
-Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа. Монгол улсын уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархахын зэрэгцээгээр уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95-н жилийн ойн баярын мэндийг таньд болон танай байгууллагын хамт олонд хүргье.
-Баярлалаа Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг мөн нийт уурхайчиддаа болон салбарын ажилчин албан хаагч нарт дэвшүүлье. Дэлхий нийтээрээ байгаль орчинд ээлтэй байдлаар уул уурхайн олборлолтыг явуулах тал дээр маш их анхаарч байна. Цаашид уул уурхайн аж ахуйн нэгжүүд олборлолтынхоо үйл ажиллагааг явуулахад нөхөн сэргээлтийн ажлыг ямар нэгэн саад бэрхшээл, төвөгтэй асуудал гэж үзэхгүйгээр хийгээсэй гэж хүсч байна. Түүнчлэн манай байгууллагын хувьд Монголд хийсэн нөхөн сэргээлтээс гадна Солонгос улс дахь уул уурхайн бүх нөхөн сэргээлтийн ажлыг хариуцдаг байгууллага учир та бүхэн шинэ мэдээлэл солилцох, технологийн туслалцаа хүсэх шаардлага гарвал манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.    
Эх сурвалж: Уул уурхайн мэдээ сонин

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.