Ж.Эрдэнэбат: Утаагүй түлш гаргах чиглэлээр үйлдвэрийнхээ шинэчлэлийг хийнэ

Огноо: 2017-12-22

Монголын уул уурхайн салбарын томоохон төлөөллийн нэг, тэр дундаа эрчим хүчний системийг түлшээр хангах анхны уурхай болсон хагас зууны түүхтэй Шарын голын уурхайн түүхэн замнал болон ирээдүйн төлвийн талаар тус уурхайн ерөнхий инженер Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
Тэрээр хуучнаар ЗХУ-ын Украины БНУ-д 1984 онд Маркшейдер инженер мэргэжил эзэмшжээ. Тухайн үеийн Түлш эрчим хүчний яамны томилолтоор Шарын голын нүүрсний уурхайгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш Ж.Эрдэнэбат нь уурхайдаа тасралтгүй 33 жил ажиллаж байгаа юм. Тиймээс бид түүнийг ярилцах танхимдаа урилаа.
-Шарын голын уурхай үүсгэн байгуулагдсан түүхэн замналаас яриагаа эхлэх нь зөв болов уу?
-1957-1958 оноос эхэлж Шарынголд геологийн үйлдвэрлэлийн эрэл хайгуулын ажил хийгдэж, нөөц тогтоох үйл ажиллагаа эхэлсэн. 1962, 1963 онд үндсэндээ нөөцөө тогтоогоод ТЭЗҮ хийгдэж эхэлсэн байдаг юм. 1963 оноос Шарын голын уурхайн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаж анхны ажилчид нь очиж шав тавих ажлыг хийж байв.  Ингээд 1965 оны дөрөвдүгээр сарын 06-нд Шарын голын уурхай анхныхаа нүүрсийг вагонд ачиж эх орныхоо хэрэгцээнд нийлүүлсэн түүхтэй. Энэ үеэс уурхай үүсгэн байгуулагдсан гэж үзээд өдгөө 52 жил болж байна. Анх 5 сая шоо метр хөрс хуулж, 1 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай байгуулагдсан. Хуучнаар ЗХУ-ын тусламжаар ирсэн тухайн үедээ өндөр хүчин чадалтай техникүүд ажиллаж байлаа.
-Үүнээс хойш хүчин чадлаа хэрхэн өсгөн нэмэгдүүлж ирэв?
-Өргөтгөл хүчин чадлын шинэчлэлийг үүнээс хойш 1976-1980 , 1981-1985 онуудад хийсэн. Тэр үед үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 2.5 сая тонн нүүрс олборлох хэмжээнд хүргэхээр, 10 сая шоо метр хөрс хуулалт хийх чадалтайгаар уурхайн өргөтгөлийн 2 дахь шатны ажил хийгдэж, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжаас гадна уурхайчдын орон сууц, үйлчилгээний 30 гаруй барилга байгууламжийг ашиглалтанд өгсөн бөгөөд 2000 гаруй ажиллагсад ажиллаж байлаа. Мөн тухайн үед ЗХУ-ын уул уурхайд ашиглаж байсан хамгийн орчин үеийн хүчирхэг техникүүд ажилдаа орж эхэлсэн. Энэ бүх хугацаанд Шарын гол сум гэсэн орон нутгийн нэгж байгуулагдаж, тэнд уурхайчдаа дагасан амьдрал цэцэглэж, дэд бүтцүүдийг байгуулж эхэлж билээ. Энэхүү нөр их бүтээн байгуулалтын ажлыг гардан хийсэн үе үеийн уурхайчид, ажилчдын тэр их хүч хөдөлмөрийн нийлбэр нь Шарын голын уурхайг өнөөдөр 52 настай нь золгуулж байгаа юм. Бид улс орныхоо түлш эрчим хүчний хэрэгцээг хангах үйл ажиллагаагаа нэг ч зогсоолгүй явуулж ирлээ.
-Уурхайн нөөцийг анх хэдий хэмжээгээр  тогтоож байсан бол? Одоо хэчнээн тонныг олборлож байгаа болон цаашид хэр их нөөц үлдэж байгаа вэ?
-Шарын голын уурхай анх ашиглалтад орох үед 100-110 сая тонны нөөцтэй гэж тогтоож байсан юм. Энэ бол ашиглалтын өмнөх геологийн тогтоосон нөөц тогтоолт. Үүний дараа геологийн эрэл хайгуулын ажлыг 1970 оны сүүлчээр, 1980 оны дунд үеэр нэмж хийсэн. Сүүлд 2010 оноос дахин нэмэлт хайгуулын ажлыг хийгээд байна. Үндсэндээ гурван үе шатлалтайгаар нөөцийг нэмэгдүүлэх геологийн өрөмдлөг хайгуулын ажлыг хийсэн байдаг юм. Энэ бүх нөөцийн хүрээнд 2010-2015 оны үнэлгээгээр олон улсын Австралийн Жорк стандартаар Шарын голын тусгай зөвшөөрлийн талбайд 374 сая тонн нүүрсний нөөц тогтоосон. Үүнд тулгуурлаж Шарын голын уурхай олон улсын хэмжээнд Монголдоо Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж арилжиж эхэлсэн юм. Нэмэлт хайгуулын ажлын тодотголоор Монгол улсын эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар үйлдвэрлэлийнх нь үр ашиг эдийн засгийн ашиг гэдэг талаас нь тооцоод 192 сая тонн нүүрсийг бүртгэлд авсан байгаа.
-Энэхүү нөөц нь хэдэн жилийн хугацаанд ашиглагдах юм бол?
-192 сая гэдэг ч юм уу, 374 сая тонн газрын баялгийг ашиглах нь мэдээж тухайн уул уурхайн технологи, техникийн хүчин чадлаас шалтгаална. Тэгэхээр энэ бодлогыг тухайн компани өөрөө удирдан явж байгаа. Өнөөдрийн Шарын голын уурхайн баримталж байгаа технологи, үйлдвэрлэлийн бодлогын зарчим бол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээний шаардлагын дагуу одоогийн олборлолтынхоо хэмжээг тогтмол, гэхдээ аажим өсгөх явдал юм. 2017 онд бид 800 мянган тонн нүүрс олборлоно гэж төлөвлөсөн бол 2018 онд 900 мянган тонн нүүрс гэх мэтээр өсгөх жишээтэй. Бидний цаашдын хэтийн зорилго бол жилд 2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалд хүрье хэмээн зорьж байна. Ингэхээр 192 сая тонныг 90 гаруй жилд олборлох юм. Багаар бодоход хугацааны хувьд 50-иас дээш жил Шарын голын уурхай ажиллах нөөц байна гэж үзнэ.
-Өнгөрсөн хугацаанд нийт хичнээн тонн нүүрс олборлож нийлүүлсэн бэ?
-52 жилийн хугацаанд 54 сая тонн нүүрс олборлосон. Үүнийг олборлохын тулд 247 сая шоо метр хөрс хуулсан.
-Нүүрс боловсруулах үйлдвэрийг Шарын голын уурхай анх удаа ашиглалтад оруулсан билээ. Анхдагчийн хувьд энэ үйлдвэрийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөөч.
-Монгол улсын төрөөс Уул уурхайн салбарт барьж байгаа бодлого бол байгалийн баялгийг аль болох түүхийгээр нь гадагш гаргахгүй байх явдал юм. Бидэнд мөн адил Монголдоо гүйцэд боловсруулж нэмүү өртөгтэй бүтээгдэхүүнийг олон улсад худалдаалах зорилго бий. Энэ утгаараа Шарын голын уурхайгаас нүүрсээ баяжуулж, дотоодын хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээний шаардлагыг өсгөх , болж өгвөл гадаад зах зээлд боловсруулсан нүүрс экспортлох гэсэн Монгол Улсын нэгдмэл зорилгод нийцүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хүрээнд бид Нүүрс угаах үйлдвэрийг 2014-2015 онд оруулж ирж дотоод нөөц бололцоогоороо, газар талбайгаа ашиглаж угсарч ашиглалтад оруулаад байна. Энэ үйлдвэр жилд 600 мянган тонн нүүрс угааж баяжуулж гаргах хүчин чадалтай.
Монгол Улсын хэмжээнд бол нүүрс баяжуулах зорилтын дагуу хийж байсан судалгаа шинжилгээний ажлууд нэлээд эртний түүхтэй. Ашиглалтад оруулсан үйлдвэрийн тухайд бол МАК , Ухаахудаг гэх мэт уурхайд төслийн хэмжээнд, бэлтгэл ажлууд явагдаж байсан. Бид бол гадны технологийг оруулж ирээд , угсраад , ашиглалтад оруулсан анхдагч нь юм.
-Баяжуулах үйлдвэр бэлэн болжээ. Одоо экспортын чиглэлд ямар бодлого, төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа вэ?
-Стратеги бодлого, төлөвлөгөөгөө бид боловсруулаад ажиллаж байна. Энэхүү үйлдвэрээ байгуулсны дараахан бид Солонгосын компанитай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан. Ингээд угаасан нүүрсээ Солонгосын компанитай хамтран гуравдагч улсад гаргах ажлыг эхлүүлсэн.  Гэхдээ одоохондоо тээвэрлэлт, зах зээл, боомтуудын үнэ, ханшийн зөрүү зэргээс шалтгаалаад энэ ажлаа хэрэгжүүлж эхлээгүй байна. Бодлого бол хэвээрээ байгаа бөгөөд нөхцлүүд нь бүрдвэл нүүрсээ экспортлоно.
-Нүүрсний үнийг төрөөс тогтоодог. Та бүхэн энэ үнийг баримталдаг уу, хувийн аж ахуйн нэгж учраас өөрсдөө үнээ тогтоох уу?
-Ийм тогтолцоо байгаа. Монгол улсад Засгийн газрын чиглэлийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон үнийг баримтладаг хувийн аж ахуйн нэгж Монголд ганцхан “Шарын гол“ ХК юм. 100% хувийн эзэмшлийн уурхай хэдий ч төрөөс тогтоосон үнийг баримтладаг. Ямар учиртай вэ гэхээр Шарын голын нүүрсний уурхай бол Монголын эрчим хүчний салбарын хөгжлийг дэмжих хүрээнд байгуулагдсан уурхай. Чиглэл нь бол ялангуяа хойд бүсийн буюу Дархан, Эрдэнэт хотын дулааны станцуудыг түлшээр хангах зорилттой бөгөөд энэ үүрэг, хариуцлагаа ч амжилттай биелүүлж яваа. Тиймээс манай хамт олон хувийн компани ч гэсэн төрийн зохицуулалттай үнээр нийлүүлэх нь зөв гэдэгт санал нэгддэг юм. Манайх хувийн компани гээд үнээ дураараа зохицуулна гэвэл ард иргэдийнхээ амьдралд сөргөөр нөлөөлөх учир шалтгаан бий болно.
-Танай байгууллагын ажилчдын 44 хувь нь 11 гаруй жил ажилласан судалгаа байдаг юм билээ. Эндээс харахад танай компани хүний нөөцийн бодлогодоо маш сайн зарчим барьж ажилладаг юм болов уу?
-Шарын голын нүүрсний уурхай бол Монгол улсын уул уурхайн нүүрсний салбарт боловсон хүчин бэлтгэх их сургууль юм гэж П.Очирбат гуай хэлсэн юм. Анх том техник, технологи ашиглаж ирсэн манай уурхай дээр нүүрсний салбарын уул уурхайн орчин үеийн үндсэн мэргэжилтэн, боловсон хүчнүүд бэлтгэгдэж, ажиллаж эхэлсэн юм. Энэ утгаараа манай уурхайгаас маш олон мэргэжилтэй ажилчин өөр бусад уурхайд шилжиж ажиллаж байсан. Энэ бол зах зээлд шилжихээс өмнө төрийн зохицуулалтаар хийгддэг байсан ба Шивээ-Овоо, Багануурт Шарын голоос мэргэжлийн ажилчид очиж босголцож, ажиллаж байлаа. Зах зээлд шилжсэнээс хойш хэн хаана ажиллах хүсэлтэй байна, хэн хаана ямар цалин хангамжтай ажилламаар байна гэдгээ иргэд өөрсдөө шийддэг болсон. Энэ хугацаанд Шарын гол мэргэжилтэй маш олон боловсон хүчнээ алдсан. Хүнд байдалд орж байсан. Байдал арай нааштай болж, тогтворжоод, компанийн удирдлага, хамт олон үйлдвэрлэлээ хэвийн түвшинд барих, өсгөх бодлого, үйл ажиллагааны хүрээнд боловсон хүчнийхээ асуудлыг эргэж хараад цалин, хангамж, ажлын үнэлэмж дээрээ арай өөр бодлого барьж эхэлсэн байгаа. Тиймээс сүүлийн үед Шарын голын уурхайд залуучууд нэлээд ирж ажиллаж байна. Одоо үйлдвэрийн ажилчдын 50 гаруй хувь нь 45 хүртэлх насны залуучууд байна. Ахмад ажилчдын хувьд өмнө нь ажиллаж байсан ахмадуудаасаа суралцсан туршлагатай ажилчид ба тэд ч мөн залуу үеээ туршлагажуулаад явж байгаа. Энэ их туршлагын өв уламжлал үргэлжлээд л явна. Тиймээс ч Шарын голд ажиллаж байсан хүнийг хаана ч очсон хамгийн түрүүнд ажилд авдаг жишиг одоо ч бий. Манай компаниас төрсөн МУ-ын Хөдөлмөрийн баатар 5, МУ-ын гавъяат 9 хүн байдаг.
-Ирэх оны төлөвлөгөөндөө тусгасан зүйлүүдээс дурьдвал?
-Баяжуулах үйлдвэрээ хүчин чадалд нь хүргэж ажиллах нөхцлүүдийг нь сайжруулж, нүүрс экспортлох зорилт руугаа явна. Цаашлаад гүн боловсруулах чиглэлээр утаагүй түлш боловсруулах зэрэгт бодлогоо чиглүүлж энэ төсөл рүү орж ажиллах бодлого байна. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах тал дээр ч ажиллана.
-Өнөөдөр Шарын голын уурхайд ямар саад, хүндрэл, тулгамдсан асуудал байна вэ?
-Бид нарын хамгийн гол хүндрэл бол Засгийн газраас тогтоосон үнэ бидний олборлолтын өртгөөс доогуур байгаа нь алдагдалтай ажиллах нөхцөл болж байгаа. Тиймээс бид Засгийн газартаа байнга хүсэлтээ тавьж явдаг. Бид үүргээ биелүүлээд нүүрсээ нийлүүлээд явж байгаа. Бид нарын өртгөөс доогуур байгаа нүүрсний үнийг тодорхой хэмжээгээр өсгөөд өртөгт нь хүргэх юм бол компани алдагдлаа багасгах хэмжээнд ирэх юм. Дулаан, эрчим хүчний үйлдвэрлэлд бид нүүрснийхээ 70 гаруй хувийг нийлүүлдэг юм. Тэгэхээр бидний орлогын 70 гаруй хувь нь зохицуулалттай үнэд хамаарагдана гэсэн үг. 30 хувь нь өөрсдийн тогтоосон ба хэрэглэгчидтэй тохирсон үнээс бүрдэх орлого болно. Гэхдээ бидний ашиг зохицуулалттай үнээр алдаж байгаа алдагдлаа нөхөж чаддаггүй. Энэ нь техник, технологийн шинэчлэлт хийхэд хугацаа алдах хүндрэл болдог.
-Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг багасгах, улмаар халах бодлого баримталж байгаа. Үүнд та бүхэн ямар төлөвлөгөөтэй ажиллахаар бэлтгэж байна вэ?
-Нүүрсээ боловсруулаад утаагүй түлш гаргах чиглэлээр бид үйлдвэрийнхээ шинэчлэлийг хийх гэж байгаа. Бид Дархан хотын НАКО гэдэг түлшний үйлдвэртэй хамтран ажиллаад туршилт хийсэн. Гэхдээ энэ ажил технологийн зарим хүндрэл, үйл ажиллагаатай холбоотойгоор түр зогссон байгаа.
-Ярилцлагаа бид энд хүргээд өндөрлүүллээ. Учир нь 52 жилийн түүхт Шарын голын уурхайн тухай ярихад бидэнд маш их цаг хугацаа шаардлагатай болно. Сонирхолтой түүх өгүүлсэн танд ойн баярын мэнд хүргэж, өрнүүн их хөдөлмөрт тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулаад Шарынголын уурхайд ажиллаж байсан үе үеийн уурхайчиддаа ойн мэндийг хүргэе. Мөн Монгол улсын эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж явдаг уул уурхайн салбарын нийт ажилчин, албан хаагчдад ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсч, цаашдын ажил үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.

Эх сурвалж: Уул уурхайн мэдээ сонин

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.