Мэндчилгээ

Огноо: 2017-12-22

Уул уурхайн салбарын хөгжил дэвшилд оюун мэдлэг, хүч чадал, зүрх сэтгэлээ харамгүй зориулан хөдөлмөрлөж ирсэн үе үеийн эрхэм хүндэт уурхайчид та бүхэндээ Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой, Ирж буй шинэ оны баярын мэндийг дэвшүүлье.
Багануур ХК нь Монгол улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 60%, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70%-ийг нийлүүлэн, улс эх орныхоо гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ нэр төртэй биелүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж 39 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Энэ түүхэн хугацаанд 399,0 сая.м3 хөрс хуулж, 111 сая.тн нүүрс олборлож, 729 сая м3 уулын цулын ажил хийсэн байна.
2017 он уурхайчин бид бүхний хувьд онцлог жил байлаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өмнөх оноос илүү өсөж нүүрс олборлолт 4002,1 мян.тн буюу 105%, хөрс хуулалт 20701,9 мян.м3 буюу 109%, уулын цул 33187,6 мян.м3 буюу 108%-ийн биелэлттэй төлөвлөгөөт зорилтоо биелүүлсэн, 24,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 100 тн-ын даац бүхийн CAT-777D маркийн өөрөө буулгагч хөрс тээврийн 2ш машин, CAT-773E маркийн нүүрс тээврийн 2ш машин, САТ-14М загварын дугуйт бульдозер, САТ-824Н маркийн автогрейдер, үйлчилгээний зориулалттай 3ш машин авч техникийн шинэчлэлт хийгдсэн, “Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хамт олны бүтээлч хандлага, хариуцлагыг сайжруулах жил” болгон зарлаж 2,95 тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг гарган ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Багануур ХК нь 2017 онд өөрийн байгууллагын чадамжийг тодорхойлж, стратегийн бэлэн байдлыг судлан, удирдлага ажилтнуудын сэтгэл зүй болон технологийн хөгжлийн судалгааг авч мэргэжлийн байгууллагуудтай хамтран Бизнес процессийн ре-инженеринг, түүнд нөлөөлөх удирдлагын орчны иж бүрэн шинжилгээний төсөл, Утаагүй шахмал түлшний үйлдвэр байгуулах төсөл, ЭШ-10/70 экскаваторын шанага үйлдвэрлэх төсөл, Экскаваторын хөргөлтийн системийг шинэчлэх төслүүдийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлж эхлүүлээд байна.
Тиймээс 2018 он бидний хувьд компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, санхүү хөрөнгө оруулалтын үр дүн бүтээмж, чанарыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хэрэгжүүлсэн, шинэ техник технологи нэвтрүүлсэн, ирээдүйн хөгжлийн чиг хандлага руу хандсан жил байх болно.  
Олон жилийн туршид бидэнтэй хамтран ажиллаж ирсэн ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, Дарханы ДЦС, Улаанбаатар Төмөр зам, Вагнер Ази Тоног төхөөрөмж ХХК, НИК ХК, Очир ундраа ХХК, Монмаг ХХК, Голомт банк зэрэг олон арван хэрэглэгч, харилцагч та бүхэндээ хамт олныхоо нэрийн өмнөө талархал илэрхийлье.
 Та бүхэндээ Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Багануур ХК-ийн хамт олны зүгээс болон хувиасаа ирж буй 2018 ондоо эрүүл энх, аз жаргалтай, бизнесийн өндөр амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Багануур хк-ийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.НОМИНЧУЛУУН

БАГАНУУР ХК-ИЙН 2017 оны Онцлох 10 үйл явдлууд
1.Төлөвлөгөө давж, түүхэнд тэмдэглэгдээгүй амжилтууд гаргав
Оны эхнээс сар бүр үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр жигд биелүүлж ирсэн нь жилд төлөвлөсөн зорилтот түвшинг давуулан биелүүлэх нөхцлийг бүрдүүллээ. Энэ онд 3,8 сая тонн нүүрс олборлож борлуулахаар төлөвлөсөн бол хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 4.02 сая тоннд хүрч 106 хувиар биелэхээр байгаа нь сүүлийн 20 жилийн хугацаанд тэмдэглэгдээгүй амжилт юм.    21 сая м/куб хөрс хуулж, 33,2 сая м/куб уулын цулын ажил хийсэн нь  тус компанийн 39 жилийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн өндөр үзүүлэлт мөн.
2.OHSAS – 18001:2012 стандарт нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын систем, олон улсын OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэхээр төлөвлөн “Ололт – амжилт” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэнгээр ахлуулсан 22 хүний бүрэлдэхүүнтэй  стандартыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж зөвлөхүүдтэй хамтран компанийн ХАБЭА-н түвшинг тогтоох, ажлын байруудад стандартын үл тохирлуудыг тодорхойлох, үл тохирлыг арилгаж стандартад нийцүүлэх, эрсдлийн үнэлгээ хийх, ХАБЭА-ийн журмуудыг стандартад нийцүүлэх, стандарт нэвтрүүлэхэд шаардагдах сургалтуудыг зохион байгуулж, аюулгүй ажиллагааны гарын авлага бэлтгэх зэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна.  OHSAS 18001 стандарт хэрэгжсэнээр эрүүл аюулгүй ажлын байр бий болж ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэхээс гадна компанийн хувьд олон улсын төсөл тендерүүдэд  оролцох  давуу талтай болно.
3.ISO-9001 буюу чанарын удирдлагыг хэрэгжүүлэх ажлын эхлэл тавигдлаа
2017 оны 4 сараас Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн “Багануур ХК-ийн Бизнес процессийн Ре-инженеринг, түүнд нөлөөлөх удирдлагын орчны иж бүрэн шинжилгээ” төслийн ажлыг амжилттай дуусгаж 12-р сарын 5-нд гүйцэтгэх удирдлагад хүлээлгэн өглөө.
Тус төслийн ажлын хүрээнд хэсэг, хэлтэс албадуудын үйл ажиллагааны процессын зураглалыг хийж тэдгээрт хамаарах асуудал, шалтгаан, эрсдлийг ажилтнуудын оролцоотойгоор анх удаа тодорхойллоо. Компанийн хэмжээнд нийт 131 процесс, 256 асуудал, 467 шалтгаан, 334 эрсдэл, 503 шийдэл тодорхойлогдсон болно. Энэ нь ISO-9001 буюу чанарын удирдлагыг хэрэгжүүлэх ажлын эхлэл гол суурь бөгөөд компанийн бүх шатны удирдлагуудын шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах, мөн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид энэхүү төсөлд тулгуурлан компанийн 2019-2023 оны хөгжлийн стратеги болон санхүүгийн загварчлалыг хийхээр төлөвлөж байна.
4.Томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэв
- Багануур ХК нь 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-тай гэрээ байгуулан CAT 777D хөрс тээвэрлэлтийн 100 тонны даацтай авто самосвал 2 ширхэг, CAT 773E нүүрс тээвэрлэлтийн 61 тонн даацтай авто самосвал 2 ширхэг, CAT 14M авто грейдер, CAT 824K  маркийн дугуйт түрэгч тус бүр 1 ширхэгийг худалдан авсан нь цахилгаан станциудыг нүүрсээр найдвартай хангахад том хувь нэмэр болж байна.
5.Сайжруулсан түлш буюу утаагүй түлшний үйлдвэр байгуулах ажлын  эхний алхамууд хийгдлээ
Жилдээ 190 мянган тонн түүхий нүүрсийг боловсруулж 100 мянган тонн сайжруулсан түлш гаргаж авах тооцоотой утаагүй түлшний үйлдвэрийн төслийг ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс зөв зүйтэй гэж үзээд үйлдвэрлэлд нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ТУЗ-өөр хэлэлцүүлж туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаад байна. Утаагүй түлшний үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр уурхайн балансын бус буюу 3300 ккал-аас бага илчлэгтэй нүүрсийг боловсруулж 6000 орчим ккал болгож ямарч утаагүй, хүний эрүүл мэндэд хортой дэгдэмхий бодисгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой.
6.ЭШ-10/70 экскаваторын  шанага үйлдвэрлэх инновацийн төсөл амжилттай хэрэгжлээ
 Монгол улсад анх удаа ЭШ 10/70 экскаваторын шанагыг Багануур ХК-ийн алтан гартай залуус үйлдвэрлэж туршилтанд орууллаа. ЭШ-10/70 экскаваторын шанага үйлдвэрлэх төсөл нь компанийн санхүүжилтээр хийгдэхээр шийдвэрлэгдэж 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажлаа гүйцэтгэж дууслаа. Энэхүү төслийг Х.Хашбат даргатай Техникийн бодлогын хэлтсийн хамт олон, Г.Соронзонболд даргатай Засварын хэсгийн хамт олон шавхагдашгүй оюун санаа, ур чадвараа дайчлан амжилттай гүйцэтгэлээ.
Ингэснээр экскаваторын шанага худалдаж авах зардлыг 40-өөс дээш хувиар бууруулах боломжтой болж тэр хэмжээгээр зардал хэмнэнэ.
7.2017 онд ус шүүрүүлэх байгууламжийг шинэчлэх, уулын дэд станцын нүүлгэн шилжүүлэлтийн төслүүдийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж төслүүдийг амжилттай боловсруулж дуусгалаа
Ус шүүрүүлэх байгууламжийн төслийг хэрэгжүүлснээр Багануурын уурхайн технологийн тасралтгүй найдвартай ажиллагаа хангагдаж, “Багануур дулааны станц” ТӨХК-ийг технологийн усаар найдвартай хангана. Мөн ирэх жилүүдэд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж буй “Багануур повер” цахилгаан станц, Багануур ҮТП-ын  усан хангамжийн технологийн хэрэглээний их үүсвэрийг бий болгож шүүрүүлж буй усаа нийлүүлэх боломжтой болно.
8.1100 санаа, 1100 ажил зорилтот хөтөлбөрийг эхлүүллээ
Ажилтнуудаа өндөр хөгжилтэй оронд аялуулж, хөгжүүлэх зорилготой “1100 санаа 1100 ажил” хөтөлбөрийг санаачлан Нью жуулчин турс компанитай гэрээ байгуулан хамтран хэрэгжүүлж эхний 4 ээлжийн 80 уурхайчныг арлын Япон оронд аялуулаад байна. Энэ аялал бол энгийн аялал бус алсыг тольдсон ажил юм. Хувь хүний санаачлага, хичээл зүтгэл, хариуцлага хэрхэн улс орны хөгжлийг бүтээдэг гэдгийг үзүүлж,  судлуулж өөрсдийн ажлын байрандаа хэрэгжүүлж болохуйц ажлын санааг авч ирээд хүн бүр ажлын байрандаа 1 ажил хэрэгжүүлэх зорилготой хөтөлбөр юм.
9.Уурхайчид ирэх хавраас шинэ дугуйн замаараа ажилдаа явна
Компани өөрийн хөрөнгөөр 4 км –ийн урттай, 3 м-ийн өргөнтэй унадаг дугйн зам тавих ажлыг 8-р сарын сүүлээр эхлүүлж 10-р сард дуусгаж ашиглалтанд оруулсан.  Эрүүл уурхайчин хөтөлбөрийн хүрээнд ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор байгуулсан уг зам ашиглалтанд орсоноор зөвхөн уурхайн ажилтнууд төдийгүй үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэг байгууллагуудын ажилтнууд, иргэдэд үр өгөөжтэй ажил боллоо.
10.Компанийн хөгжилд инженер техникийн ажилтнуудын оролцоо сэдэвт зөвлөгөөн боллоо
“Багануур” ХК-ийн Инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөн 2017.04.14-ний өдөр боллоо. Компанийн хөгжилд инженер техникийн ажилтнуудын оролцоо сэдэвт энэ удаагийн зөвлөгөөнийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуультай хамтран зохион байгуулснаараа онцлог болов. Компанийн инженер техникийн ажилтнуудын манлайлал, хандлага, хариуцлага, оролцоог сайжруулах, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү зөвлөгөөнд ШУТИС-ийн ГУУС-ийн 30 гаруй эрдэмтэн багш нар оролцов.

Эх сурвалж: Уул уурхайн мэдээ сонин

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.