МЭНДЧИЛГЭЭ

Огноо: 2017-12-25

Өвөг дээдсээс өвлөгдөн эх орны минь алтан хэвлийд хадгалагдан ирсэн үнэт баялгийн нөөцийг эрж хайх, олборлох, баяжуулах, боловсруулах үйл хэрэгт манлайлан улс орныхоо хөгжил, цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулж чин шударгаар хөдөлмөрлөж ирсэнүе, үеийн уурхайчид, ахмадууд, салбарын нийт хамт олон Та бүхэндээ Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын халуун мэндийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулж байсан1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын засгийн газрын шийдвэр гарсан энэ өдрийг жил бүр уул уурхайн салбар үүсч хөгжсөний ойн өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.
Түүхт 95 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг даган эдийн засаг, нийгмийн томоохон бүтээн байгуулалт болох “Эрдэнэт”, “Багануур”, “Хөтөл”, “Бор-Өндөр”, “Шарын гол”, “Оюу толгой” зэрэг уурхай, үйлдвэрүүд ашиглалтад орсон нь өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Нийгэм-эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжин орсон анхны он жилүүд амар хялбар байгаагүй. Гэвч геологи, уул уурхайн салбараа хөгжүүлэх урт, богино хугацааны хөтөлбөрүүд боловсруулан амжилттай хэрэгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө жилээс жилд өсөн нэмэгдсээрирсэн. 2016 онд экспортын нийт бүтээгдэхүүний 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлж байсан. Мөн оны эхний 11 сарын байдлаар 651.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2017 оны эхний 11 сард 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлж төсвийн орлогыг 2.2 дахин нэмэгдүүлсэн амжилтаар уурхайчид маань түүхт ойгоо угтаж байна.
Цаашид салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай, байгаль орчиндсөрөг нөлөөлөл багатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгох чиглэлээр ажиллах болно.
Түүнчлэн Таван толгой, Оюу толгой зэрэг томоохон уурхай, үйлдвэр, түүнийг дагасан хот сууринг холбогдох дэд бүтцийн хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулах шаардлагатай. Үүнээс гадна хүнд үйлдвэрлэлийн дэд бүтцийг шинээр бий болгох, улмаар Газрын тос боловсруулах, Зэсийн баяжмал боловсруулах, Нүүрснээс байгалийн нийлэг хий үйлдвэрлэх, Хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Та бүхний хамт дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллах болно.
Уурхайчин Та бүхэнд болон танай гэр бүл, хамт олонд ойн баярын энэ өдрийг тохиолдуулан аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.

УУЛ УУРХАЙ, ХҮНД
ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР




 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.