“MONGOLIA GOLD-2018” олон улсын чуулган, үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө

Огноо: 2018-03-20






Монголын Уул уурхайн бирж  нь алтны салбарын хөрөнгө оруулагчдын “Mongolia Gold” олон улсын чуулга уулзалтыг анх удаа 2017 оны гуравдугаар сарын 17-нд зохион байгуулж байсан. Энэ удаагийн “Mongolia Gold-2018” чуулганыг  тус байгууллага “Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-той хамтран “Корпорейт конвейшн” төвд 2018 оны 03-р сарын 15-16-ны хооронд амжилттай зохион байгууллаа.


Хурлын нээлтийн үйл ажиллагаанд УУХҮЯамны сайд Д.Сумъяабазарын зөвлөх М.Дагва, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр,  Монгол банкны Нөөцийн удирдлага,  санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд нар оролцлоо. 


Тус хурлын эхний өдөр  “Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны бүх гишүүдийн V  хурал болсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд оролцсон төр засаг, банк, төрийн бус байгууллагын удирдлагууд салбарынханд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.


“Та бүхний хичээл зүтгэлээр алтны салбарынхан 2017 онд арвин ургац хурааж, Монгол Улсын эрдэнэсийн санг 20.1 тонн алтаар арвижуулсан. Энэ нь мөнгөн дүнгээрээ ойролцоогоор 800 сая ам.долларын валютыг улс эх орондоо бий болголоо.  Сүүлийн дөрвөн жилд бидний үйл хэрэг эрчимтэй явагдаж байгааг алтны салбарт үзүүлсэн статистик тоон үзүүлэлтээс харагдана. Энэ бол манай салбарын эрх зүйн орчин харьцангуй таатай болсны тод жишээ юм” хэмээн Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд хэлсэн үгэндээ тодотгож байлаа.


Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, төр захиргааны байгууллагууд, аймаг, орон нутгийн удирдлагуудын дунд байгаа үл ойлголцлыг арилгах, үйлчилж байгаа хууль, дүрэм журмын алдаа дутагдлуудыг засах залруулах үүднээс БОАЖЯ-ны зүгээс  Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын Ерөнхий Газар, Татварын Ерөнхий газартай хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг Н.Цэрэнбат сайд дуулгалаа.


Хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авах үүднээс  Байгаль орчны мэдээллийн нэгдсэн, цогц санг үүсгэн байгуулахаар ажиллаж байгааг тэрээр мөн онцолсон юм.





УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Уул уурхайн салбарт гарч байгаа төрийн бодлого, шийдвэрүүдийг тогтвортой мөрдөх асуудал чухал. Лиценз олголтын асуудлаа салбарын яам яаралтай шийдэх хэрэгтэй. Улсын төсөв батлах хүрээнд шинэ Засгийн газар   уул уурхайн хуулийн гол цөмийг өөрчилсөн. Зөвхөн сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох хэлбэр рүү шилжиж байгааг  би буруу гэж үзэж байгаа. Тусгай зөвшөөрлийг өргөдлөөр давхар олгох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.   


Хурлын эхний өдөр Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Энхбат Монголын алтны салбарын өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, УУХҮЯ-ны  Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Мөнхцэнгэл “Алт 2 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид хийгдэх ажлууд” сэдвээр илтгэсэн бол тус яамны ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар Уул уурхайн тухай хуулийн төслийн талаар танилцууллаа.  Мөн АМГТГ-ын мэргэжилтэн Ц.Цэгц “Монгол Улсын алтны үйлдвэрлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран “Уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар баримтлаж буй бодлого” сэдвээр сонирхолтой мэдээлэл хийлээ. УУХҮЯ-ны сайдын тушаалаар  шинэчилэн байгуулагдсан  Ажлын хэсэг Уул уурхайн тухай  хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Ерөнхийдөө уурхайн хаалтын төлөвлөгөөтэй нь эрх бүхий байгууллага танилцсаны дараа  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог систем рүү шилжих байх хэмээн салбарын яамны төлөөллүүд онцолж байсан. Цаашид уг хуулийн төслийг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, энэ чиглэлээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх гээд олон ажил хүлээгдэж байгаа юм байна.             


Алтны салбарын хууль эрх зүй, татварын болон хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгах, “Урт нэртэй” хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээс үүдэн бий болсон аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн болон бусад хохирлуудыг шийдвэрлэх, бэлтгэгдсэн нөөцүүдийг эргэлтэд оруулах, алтны үүсмэл орд болон хаягдал овоолгыг дахин боловсруулах, алтны уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхөн сэргээлттэй холбоотой үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах, бичил уурхайн алт олборлолт, борлуулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шороон ордын металл авалтыг нэмэгдүүлэх, хаягдлыг бууруулах зэрэг  шийдэх ёстой олон  асуудал салбарт тулгамдаж байгааг  хуралд оролцогчид онцолж байсан.


  

 


Хурлаар алтны салбарт тулгарч буй саад бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрэх, төрийн байгууллагууд, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч нартай болон Хятадын Алтны холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд байгуулав.

Мөн алтын төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, дэлхийн дэвшилтэт техник, технологи, алтны геологи хайгуул, туршилт, судалгаа, санхүүжилтийн сонирхолтой илтгэлүүд тавигдаж, салбарт үйл ажиллагаа явуулдаг 25 компани үзэсгэлэнгээ гаргаж оролцсон байна. Мөн хурлын дунд үеэр Монгол банкнаас нийт 13 компанийн төлөөлөлд шагнал гардуулсан явдал юм.


 

Хурлын дундуур хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалтууд өрнөж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжилтыг хэрхэн авах, шаардлага хангасан банкны ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулах, Голомт банк  “Алтны хеджинг ашиглаж орлого хамгаалах” үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. “Голомт” банкны Алтны бизнесийн захирал Г.Мөнх-Эрдэнэ дээрх үйлчилгээнийхээ талаар “Алтны ханшийн уналтаас харилцагчийн орлогыг хамгаална. Алтны ханш өндөр байх үед иргэн, аж ахуйн нэгж манайд алт тушаая гэж бодъё. Харин хэдэн сарын дараа алтны ханш унасан ч эрсдэл хүлээхгүй гэсэн үг. Бүх эрсдэлийг нь манай банк даана гэсэн үг. Энэ бол 1980 оноос дэлхийн нийтээр ашигласан “Үүсмэл санхүүгийн хэрэгсэл” юм.  Гэвч Монголд өнөөдрийг хүртэл энэ аргыг ашиглаагүй байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлээс ямар их хоцрогдолтой явж байгааг харуулж байна” гэв. 

Хурлын хоёр дахь өдрийн хуралдааныг нээж Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын Ерөнхийлөгч Д.Цогбаатар алтны салбарт тулгамдаж буй асуудлаар аж ахуйн нэгжүүдээс авсан санал асуулгын үр дүнг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргалд гардуулах ёслол болсон юм.

Үүний дараа Хятадын Алтны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Ёнтао  тус улсын алтны салбарын талаар сонирхолтой мэдээллийг оролцогчдод өглөө.

Үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат  “Алтны нийлүүлэлтийн сүлжээнд Үнэт металлын сорьцын хяналтын газрын оролцоо” сэдвээр илтгэлээ. Тэрээр, 2018 оны гол ажил үйлчилгээ, анхаарах асуудлуудаа танилцуулав. 1990 оныг хүртэл жилдээ 4 алт олборлогч компани 700 кг алт олборлож байсан бол 1970-аад  оноос хойш Монгол улс (400 гаруй аж ахуйн нэгж)-ын сорьц тогтоолгосон алтны хэмжээ нь 300 тн болсныг  2017 оны эцсээр гаргасан тоо баримт харуулж байна. 2018 оны гуравдугаар сарын байдлаар, 50 гаруй хувийг  үндэсний 20 гаруй аж ахуйн нэгжүүд шороон ордоос, 22 хувийг үндсэн ордоос олборложээ. 1994-2017 онд 125 тн алтыг хайлж гулдмайлсан байна.

Орон нутагт сорьцын лаборатори байгуулахын ач холбогдлыг Д.Бэхбат дарга мөн танилцууллаа. Үүний гол үр дүн нь алт олборлогч иргэн, ААН, алтны худалдаачдын хувьд Улаанбаатар орж сорьц тогтоолгох шаардлагагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, зардал, явдал чирэгдэл буурах аж. Түүнээс гадна  аюулгүй байдал, гэмт халдлага, үнэ ханшийн уналт зэрэг эрсдэлүүдээс хамгаалагдах ба алт нийлүүлэлтийн хурд, эргэлт  нэмэгдэж шат дамжлага багасаж, үнэн зөв сорьцын дүнгээр хоорондоо худалдах, арилжах нөхцөл бүрдэж цаашлаад алтны гарал үүслийг тодорхойлох, тодорхой болох зэрэг олон давуу тал бий болно гэж үзэж байгааг тэрээр онцолж байсан.

Чуулганы үеэр орон нутгийн засаг захиргааг төлөөлөн  хүрэлцэн ирсэн төлөөллүүд болох  Дорнод аймгийн Баяндун, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга нар алтны салбарын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажлуудныхаа талаар танилцууллаа.


“Mongolia Gold 2018” чуулганы үдээс хойшхи хуралдаан “Алтны дэвшилтэт технологи, инноваци”, ”Төсөл, байгаль орчин, сургалт” гэсэн сэдвүүдээр өрнөсөн юм.  Дэлхийд нэр хүндтэй “Оутотек” компанийг төлөөлөн Тимо Хаакана “Outotec-ийн алтны технологиуд”, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн худалдааны төлөөлөгч Ж.Эрдэмбилэг “Вагнер ази-алтны салбар дахь дэвшилтэт технологи”, “Монуба” ХХК-ийн Металлургич, инженер Д.Хатанбаатар “Алт цэвэршүүлэх үйлдвэрийн технологи”, Акума-Эрин ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Төгс-Эрдэнэ ““Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардлыг хэрхэн бууруулах вэ?”, МУ-ын Зөвлөх инженер, Проф, Др Ц.Найдан “Шлих дахь нуугдсан алтыг ялган авах аргууд”  МБОМХ-ны ТУЗ-ын гишүүн Б.Баяржаргал “Уул уурхайн байгаль орчны менежмент, нөхөн сэргээлтийн шилдэг туршлага гэсэн сэдвээр тус тус илтгэлээ. 

 Уул уурхайн компаниудын 60% нь тос тосолгооны материалын зөв сонголтоор техник үйлчилгээний   зардалыг хамгийн багадаа 5%-р    бууруулах боломжтой гэж тооцсон байдаг тухай Акума-Эрин ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Төгс-Эрдэнэ илтгэлдээ дурдсан бол Алт цэвэршүүлэх үйлдвэрийн технологи төслийн талаар “Монуба” ХХК-ийн Металлургич, Инженер Д.Хатанбаатар тодорхой мэдээллийг өгч байлаа. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол улсад  өнгөт металлурги, хими-технологийн аж үйлдвэрийн салбарыг шинэ түвшинд гаргаж, “Алт цэвэршүүлэх үйлдвэр”  байгуулах,  алт олборлож буй уурхайнуудын үр ашгийг дээшлүүлэх, алт худалдан авалт, хадгалалт, зах зээл рүү алт арилжаалах үр ашгийг дээшлүүлэх,  Монгол улс Лондонгийн металл биржийн “Good delivery” батламж авах боломж бий болно гэдгийг Д.Хатанбаатар онцолж байсан.

Чуулганы дараагийн хэсэгт Оюутолгой ХХК-ийн Олон талт хамтын ажиллагааны ахлах менежер Т.Мөнхбат “Оюутолгой ордын зэсийн баяжмал дахь алтны нөөц” гэсэн сэдвээр илтгэсэн юм. 2017 онд Оюу Толгойн баяжуулах үйлдвэр 41.2 сая тонн хүдэр боловсруулж, 157.4 мянган тонн зэс болон 114.3 мянган унц алт агуулах 722.5 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэснээр жилийн үйлдвэрлэлийн төлөвөө хангаж ажиллажээ.

Ялангуяа Баяжуулах үйлдвэрийн тээрмийн ашигт ажиллагааг нэмэгдүүлснээр ил уурхайн зургаадугаар хэсгээс харьцангуй зөөлөн хүдэр боловсруулсантай холбоотойгоор баяжмалын үйлдвэрлэл гуравдугаар улирлынхаас 20.8 хувиар өсжээ. 2017 оны дөрөвдүгээр улиралд алтны үйлдвэрлэл гуравдугаар улирлынхаас 12.9 хувиар өссөн нь алтны агуулга болон баяжмалын үйлдвэрлэл өндөр байсантай холбоотой хэмээн Т.Мөнхбат менежер ярьсан юм.

Одоогоор  Оюутолгойн ил уурхайн  1-3 үе шат дахь олборлолт хийгдэж дууссан бөгөөд агуулга багатай үе шат 6 болон хүдрийн овоолгоос олборлож байна. Үе шат 4-ийн хөрс хуулалтын ажил төлөвлөгөөний дагуу  явагдаж, 2018 оны 3-р улирлаас илүү өндөр агуулгатай хүдэр олборлох аж.

Хуралдааны хамгийн сонирхолтой хэсэг нь Хөгжлийн банкнаас олгогдож буй зээлийн асуудал тойрсон хэлэлцүүлэг байлаа.  Тус банкны хувьд 2017 онд анх удаа уул уурхайн салбарт, тэр дундаа алтны салбарын аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон, энэ хугацаанд мэдээж алдаа оноо гарсан байх, цаашид банкны ажилтнуудынхаа тоог нэмж, зээлийн хүсэлтээ http://www.dbm.mn/ цахим хаягаар авдаг болсоноо ч хуралд оролцогчдод дуулгалаа. Хөгжлийн банкнаас шаардсан бүх баримт материалыг аж ахуйн нэгжүүд энэхүү цахим хаягаар илгээх ба  тухайн төслийг зохих хугацаанд нягтлан шалгаж, санхүүжилтээ олгох боломжтой болсон нь нэг дэвшил аж.

Ийнхүү хоёр өдөр чуулсан  “Mongolia Gold 2018” хурлын  төгсгөлд   бизнес хүлээн авалт болсон бөгөөд энэ үеэр Монголын Уул уурхайн биржээс чуулганыг дэмжиж ажилласан болон тус биржээс зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцож ирсэн байгууллагуудыг шагнаж урамшуулах ёслол боллоо.

“Mongolia Gold “ чуулганыг 2 жил дараалан дэмжин ажиллаж байгаа Монгол банк нь дэмжигч байгууллагаар, банкны ивээн тэтгэгчээр Голомт банк, эвент ивээн тэтгэгчээр Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК, тус биржийн үйл ажиллагаанд тасралтгүй 7 жил үзэсгэлэнгээ гаргаж идэвхтэй оролцсон Акума Эрин ХХК-ийг “Хүндэт харилцагч” байгууллагаар тодруулж тус тус шагнаж урамшууллаа.


 


 


Монголын Уул Уурхайн Бирж Г.Идэр


 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.